Христ доторх шинэ амь

3 1 Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа.* 2 Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз. 3 Учир нь та нар үхсэн бөгөөд та нарын амь Христтэй хамт Бурханы дотор нууцлагдсан. 4 Бидний амь болох Христ илчлэгдэх үед та нар ч бас яруу алдар дотор Түүнтэй хамт илчлэгдэх болно.
5 Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар булай, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм. 6 Эдгээрээс болж Бурханы хилэн [дуулгаваргүй хөвгүүд дээр]a ирэх болно. 7 Та нар тэдгээрийн дотор амьдарч байхдаа үнэндээ тэдгээрийн дотор алхаж л явсан. 8 Харин эдүгээ та нар бас уур, хилэн, хорон санаа, гүтгэлэг болон амнаас гарах жигшүүрт үгс бүгдийг нь зайлуулж хая. 9 Бие биедээ бүү худал ярь. Яагаад гэвэл та нар хуучин хүнээ муу зуршилтай нь тайлж,* 10 шинэ хүнийг өмссөн. Энэ хүн бол өөрийг нь бүтээсэн Түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинэчлэгддэг хүн юм.* 11 Энд грек ба иудей, хозлуулсан ба хозлуулаагүй, өөр хэлтнүүд, скифчүүд, боол ба чөлөөт гэж үгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.
12 Тиймээс Бурханд сонгогдсон, ариун хийгээд хайрлагдсан хүмүүсийн хувьд та нар өрөвч зүрх, энэрэл, даруу, дөлгөөн зан, тэвчээрийг өмс.* 13 Ингэхдээ нэг нэгнээ хүлцэж, бие биеэ уучилж, хэрэв хэн нэгэнд чинь нөгөөгийнхөө эсрэг гомдол байвал та нарыг Эзэн уучилсны адил та нар бас уучил.* 14 Энэ бүгдийн дээр хайрыг өмс. Хайр нь төгс хэлхээ холбоо юм. 15 Христийн амар тайван зүрхийг чинь захираг. Үүний тулд л та нар нэгэн бие дотор дуудагдсан. Талархагтун. 16 Христийн үг та нарын дундb бялхам оршиг. Та нар бүхий л мэргэн ухаанаар бие биедээ зааж, нэг нэгнээ сэнхрүүлэн, Бурханд хандаж зүрхнээсээ талархалтайгаар дуулал, магтуу дуу, сүнслэг дууг дуул.* 17 Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн, Түүгээр дамжуулан Эцэг Бурханд талархал өргөж, бүгдийг Эзэн Есүсийн нэрээр хийгтүн.

Христэд итгэгч гэр бүлийн дэг журам

18 Эхнэрүүд ээ, Эзэнд нийцүүлж нөхөртөө захирагдагтун.* 19 Нөхрүүд ээ, эхнэрээ хайрлагтун. Тэдэнд бүү хатуурх.*
20 Хүүхдүүд ээ, бүх талаар эцэг эхдээ дуулгавартай байгтун. Энэ нь Эзэнд таалагдана.* 21 Эцгүүд ээ, хүүхдийнхээ сэтгэлийг бүү мохоо, эс бөгөөс тэд урам зоригоо алдах вий.*
22 Боолууд аа, махбодынхоо эзэнд бүх талаар дуулгавартай бай. Хүнд таалагдах гэж нүд хууралгүй, харин Эзэнээс эмээн, чин зүрхнээсээ үйлчил.* 23 Та нар юу ч хийсэн, хүмүүст бус харин Эзэнд мэт чин сэтгэлээсээ хийгтүн. 24 Учир нь та нар Эзэнээс өв залгамжлалын шагналыг хүлээн авна гэдгээ мэднэ. Та нар Эзэн Христэд үйлчилж байгаа юм. 25 Харин бурууг үйлдэгч нь хэн ч бай ялгаагүй, үйлдсэн буруугийнхаа уршгийг хүртэнэ.*


  • 3:1 Дуу 110:1
  • a3:6 Зарим гар бичмэлд хаалт дахь хэсэг байхгүй.
  • 3:9 Еф 4:22
  • 3:10 Эх 1:26; Еф 4:24
  • 3:12–13 Еф 4:2
  • 3:13 Еф 4:32
  • b3:16 эсвэл дотор
  • 3:16–17 Еф 5:19–20
  • 3:18 Еф 5:22; 1Пт 3:1
  • 3:19 Еф 5:25; 1Пт 3:7
  • 3:20 Еф 6:1
  • 3:21 Еф 6:4
  • 3:22–25 Еф 6:5–8
  • 3:25 Дх 10:17; Еф 6:9