Удаах хос хавтан
(Гэт 34:1–10)

10 1 Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над руу хүрч ир! Бас нэгэн модон авдар хий! 2 Чиний буталсан өмнөх хавтангууд дээр байсан үгсийг Би тэдгээр хавтан дээр бичье. Тэгээд чи түүнийг тэр авдартаа хийх ёстой!” гэв. 3 Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг бэлтгээд түүнийгээ гартаа барин уул өөд гарсан. 4 Хуран чуулсан тэр өдөр ЭЗЭН уулан дээр, галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Тушаалаа хавтангууд дээр түрүүчийн бичээс адил бичээд, түүнийгээ надад өгсөн билээ. 5 Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.
6 Израилын хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера тийш хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд хөдөөлүүлсэн. Түүний хүү Елеазар оронд нь тахилчийн албыг хашив.* 7 Тэд тэндээсээ Гудгода руу, Гудгодагаас горхи элбэгтэй нутаг Иотбата тийш хөдөлсөн билээ. 8 ЭЗЭН тэр үед Леви овгийнхныг тусгаарлан авсан нь ЭЗЭНий гэрээний авдрыг зөөх, ЭЗЭНд үйлчлэн өмнө нь зогсох болон Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхийн тулд байсан юм.* 9 Тиймээс левичүүд ах дүүсийнхээ дунд хувь ч үгүй, өв ч үгүй. ЭЗЭН Бурхан чинь тэдэнд айлдсан ёсоор ЭЗЭН тэдний өв нь юм.
10 Би урьдын адил уулан дээр дөчин өдөр, дөчин шөнө байсан. ЭЗЭН тэр үед ч бас намайг сонссон бөгөөд чамайг устгах хүсэлгүй байсан.* 11 Тэгээд ЭЗЭН надад “Чи бос. Миний тэдэнд өгөхөөр эцэг өвгөдөд нь тангарагласан газарт тэднийг аваачиж эзэмшүүлэхийн тулд энэ ард түмнийг тэргүүлэн аян замаа цааш үргэлжлүүл” гэж айлдсан билээ.

Хуулийн гол үндэс

12 Израил аа! ЭЗЭН Бурхан чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг 13 мөн чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий тушаал, зарлигуудыг дагаж мөрдөхийг л шаарддаг бус уу? 14 Тэнгэр хийгээд тэнгэрсийн тэнгэр бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм. 15 Гэсэн ч ЭЗЭН эцэг өвгөдийг чинь хайрлахаар таашаан соёрхож, тэдний дараах үр удам нь болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмний дээгүүр сонгож авсан. 16 Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга! 17 ЭЗЭН Бурхан чинь бурхдын Бурхан, эздийн Эзэн, аугаа их, хүчирхэг, аюумшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаггүй, хээл хахууль авдаггүй.* 18 Тэрээр өнчинд болон бэлэвсэн эмэгтэйд эрх олгож, цагаач хүнд хоол хүнс, хувцас хунар өгч, түүнийг хайрладаг. 19 Та нар Египет нутагт цагаач байсан. Тиймээс цагаач хүнийг хайрла. 20 ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдаж, Түүнээс зуурч, Түүний нэрээр тангарагла. 21 Тэрээр чиний магтаал, Тэрээр чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чамд үйлдсэн. 22 Египетэд хүрч очсон чиний эцэг өвгөд далан хүн байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.*


  • 10:6 Тоо 20:28, 33:38
  • 10:8 Тоо 3:5–8
  • 10:10 Гэт 34:28
  • 10:17 1Тм 6:15; Илч 17:14, 19:16; Үйл 10:34; Ром 2:11; Гал 2:6; Еф 6:9
  • 10:22 Эх 15:5, 22:17, 46:27