Ургацын дээж ба аравны нэг

26 1 ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа, 2 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж,* 3 тэр өдрүүдэд байх тахилч руу хүрч очоод “«ЭЗЭНээс бидэнд өгөхөөр бидний эцэг өвгөдөд тангарагласан тэр газар хүрч ирлээ» гэж өнөөдөр би таны Бурхан ЭЗЭНд тунхаглая” гэж хэл. 4 Тэгэхэд тахилч чиний гараас сагсыг чинь аваад, ЭЗЭН Бурханы чинь тахилын ширээний өмнө тавина.
5 Чи бас ЭЗЭН Бурханыхаа өмнө “Миний өвөг эцэг тэнүүлч арам хүн байсан. Тэр цөөн хэдэн хүн дагуулаад, Египетэд очиж, тэнд суурьшаад, агуу, хүчирхэг, өнөр өтгөн үндэстэн болсон билээ. 6 Харин египетчүүд бидэнд муугаар хандаж, биднийг харгислан зовоож, хүнд ажилд зүтгүүлсэн. 7 Тэгээд бид эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд хандан хашхирсанд ЭЗЭН бидний дууг сонсон бидний зовлон зүдүүр, зүтгэл болон дарлагдлыг үзээд, 8 ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, аугаа их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа биднийг Египетээс гарган авсан билээ. 9 Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү балаар бялхсан энэ нутгийг бидэнд өгсөн. 10 Харагтун, ЭЗЭН Таны надад өгсөн газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө. 11 ЭЗЭН Бурхан чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд өгсөн бүх сайн сайхны төлөө чи болон левичүүд мөн чиний дунд байгаа цагаач хүмүүс цөм баярлах ёстой.
12 Гурав дахь жил буюу аравны нэгийг өргөх жилд бүх ургацынхаа аравны нэгийг өгч дуусаад, түүнийгээ левичүүд, цагаачид, өнчин, бэлэвсэн хүмүүст өгөөд хот дотроо цадтал нь идүүл.* 13 Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, надад Таны тушаасан бүх тушаалын дагуу левичүүд, цагаачид, өнчин, бэлэвсэнд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөөгүй бас мартаагүй. 14 Би үүнээс гашуудлын үед идээгүй, бузартсан үедээ ч хүрээгүй, үхэгсдийн төлөөa өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон дагаж, надад Таны тушаасан бүгдийг ёсчлон биелүүлсэн. 15 Таны ариун оршихуй болох тэнгэрээс Та доош харж, Өөрийн ард түмэн Израилыг ерөөгөөч. Мөн бидний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү балаар бялхсан газрыг ерөөгөөч!” гээрэй.

Уриалгын товчоон

16 ЭЗЭН Бурхан чинь энэ зарлиг, шийдвэрүүдийг дагаж мөрдүүлэхээр өнөөдөр чамд тушааж байгаа тул чи эдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ сахин хийгтүн. 17 Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурханаа гээд, мөн Түүний замаар явж, Түүний зарлиг, тушаал, шийдвэрүүдийг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа. 18 ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлаж, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан.* 19 Мөн Тэрээр бүтээсэн бүх улс үндэстнийхээ дээгүүр хамгийн өндөрт магтаал, алдар, өргөмжлөлд чамайг тавихb бөгөөд Түүний амласан ёсоор чи ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болох болно гэв.


  • 26:2 Гэт 23:19
  • 26:12 Дх 14:28–29
  • a26:14 эсвэл үхэгсдэд
  • 26:18 Гэт 19:5; Дх 4:20, 7:6, 14:2; Тит 2:14; 1Пт 2:9
  • b26:19 эсвэл дээгүүр агуу болгож чи магтаал алдрыг Түүний нэрд авчирна