17 1 Чи ЭЗЭН Бурхандаа согогтой, ямар нэгэн гажигтай муу үхэр, хонийг бүү өргө. Тэр чинь ЭЗЭН Бурханд чинь жигшүүрт зүйл юм.
2 ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хотуудын аль нэгэнд, та нарын дунд суудаг эрэгтэй, эмэгтэй аливаа хүн Түүний гэрээг зөрчиж, ЭЗЭН Бурханы чинь өмнө ёрын муу үйл хийж, 3 миний тушаасны эсрэг өөр бурхдад буюу нар, сар, тэнгэрийн алив эрхэст очиж зарагдан тэдэнд мөргөвөөс,* 4 энэ нь чамд мэдэгдэж, чи түүний тухай сонссон аваас сайтар шалгаж үз. Хэрэв тэр нь үнэн байгаад, Израилд ийм жигшүүрт хэрэг гарсан гэдэг нь батлагдвал 5 чи тийм ёрын муу үйл хийсэн эрийг эсвэл эмийг хотын гулдан хаалганд аваачиж, тэр эр эсвэл эмийг үхтэл нь чулуугаар шид. 6 Алуулах хүнийг хоёр гэрчийн амаар эсвэл гурван гэрчийн амаар ал. Харин ганц гэрчийн амаар түүнийг бүү ал.* 7 Түүнийг алах үед эхлээд гэрч нарын гар хүрч, дараа нь бусад бүх хүний гар хүрэг. Та нар ёрын мууг ийнхүү дундаасаа зайлуул.*
Тахилчид ба шүүгчдийн шийд
8 Хэрэв хотын чинь доторх маргаан зөрчлөөс болж бие биеийнхээ цусыг урсгасан, бие биетэйгээ маргалдсан эсвэл бие биеэ зодсон зэрэг шийдвэрлэхэд хэцүү хэрэг гарвал чи босож, ЭЗЭН Бурханыхаа сонгож авах газар луу явж, 9 Леви овгийн тахилч эсвэл, тэр үед байх шүүгч дээр очиж, асууж лавла. Хэргийг хэрхэн шийдвэрлэхийг тэд чамд мэдүүлнэ. 10 ЭЗЭНий сонгон авах газраас чамд мэдүүлсэн тушаал үг ёсоор чи гүйцэтгэ. Чи тэдний заасан бүхнийг ёсоор гүйцэтгэхийг анхаар. 11 Чамд зааж өгөх хуулийн үг, чамд хэлж өгөх шүүлт ёсоор нь чи гүйцэтгэ. Чамд хэлсэн үгээс нь баруун тийш ч, зүүн тийш ч бүү хазай. 12 ЭЗЭН Бурхандаа үйлчлэхээр зогсож буй тахилч юм уу, шүүгчийг сонсохгүй давилуун зан гаргах хүн байвал тэр хүнийг алах ёстой. Израилаас ёрын мууг ингэж зайлуул. 13 Тэгвэл бүх хүн үүнийг сонсоод, айж эмээн цаашид ийнхүү давилуун загнахгүй.
Хааны эрхийн хязгаар
14 ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстэн шиг, хааныг дээрээ залъя” гэвэл* 15 чи ЭЗЭН Бурханыхаа сонгох хүнийг л өөрийнхөө дээр хаанаар зал. Чи ах дүүсийнхээ дундаас өөрийнхөө дээр хаан болго. Харин ах дүү чинь бус, гаднын хүнийг чи өөрийнхөө дээр хаанаа бүү болго. 16 Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлэхa гэж хүмүүсийг Египет рүү буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.* 17 Зүрх нь уруу татагдахгүйн тулд тэр хүн олон эхнэр авах ёсгүй. Тэр өөртөө алт мөнгөө арвижуулж болохгүй.* 18 Тэрээр хаанчлалынхаа сэнтийд залрангуутаа Леви овгийн тахилч нарын өмнө байдаг номоос энэ хуулийг өөртөө хуулан бичиж аваад, 19 өөртөө байлгаж, түүнийгээ амьдралынхаа бүхий л өдөр унших ёстой. Ингэснээр тэр, уг хуулийн бүх үг буюу эдгээр зарлигийг сахин үйлдэж, ЭЗЭН Бурханаасаа эмээхийг сурах бөгөөд 20 зүрх нь ах дүү нараасаа дээгүүр өргөгдөхгүй мөн уг тушаалаас баруун тийш ч, зүүн тийш ч хазайхгүй юм. Ингэснээр тэр өөрөө болон хөвгүүд нь Израилын дунд урт удаан хаанчилна.
- 17:3 Гэт 22:20
- 17:6 Тоо 35:30; Дх 19:15; Мт 18:16; 2Ко 13:1; 1Тм 5:19; Евр 10:28
- 17:7 1Ко 5:13
- 17:14 1См 8:5
- a17:16 эсвэл худалдан авахаар эсвэл адууны арилжаа хийхээр
- 17:16 1Ха 10:28; 2Шс 1:16, 9:28
- 17:17 1Ха 10:14–22,27, 11:1–8; 2Шс 1:15, 9:27