Ялгаварлахаас сэрэмжлүүлсэн нь
2 1 Ахан дүү нар минь, алдрын Эзэн Есүс Христдээ итгэх итгэлдээ бусдыг бүү алагчил. 2 Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн мөн хиртэй хувцастай ядуу хүн орж ирвэл 3 та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь анхаарч “Та энд тухлан суу” гээд, харин ядуу хүнд “Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу” гэвэл 4 та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож байгаа ёрын бодолтой шүүгчид болсон хэрэг бус уу?
5 Хайрт ах дүү нар минь, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг итгэл дотор баян байлгахаар сонгож, Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалынхаа өв залгамжлагчид болгоогүй гэж үү? 6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш үү? 7 Та нарыг дууддаг эрхэм нэрийг тэд гутаан доромжилдог бус уу? 8 Та нар хаан хууль болох “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэснийг Бичвэрийн дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.* 9 Харин та нар хүнийг алаг үзвэл, нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно. 10 Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно. 11 Яагаад гэвэл “Чи бүү завхайр” гэж айлдсан Тэр бас “Чи хүн бүү ал” гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийг зөрчигч болно.* 12 Тиймээс эрх чөлөөний хуулиар шүүгдэх ёстой хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд. 13 Өршөөлгүй нэгэнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг дийлдэг.
Үйлсгүй итгэл үхмэл
14 Ах дүү нар минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү? 15 Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, 16 та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчхээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар нэмэр болох вэ? 17 Иймээс итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.
18 Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна, надад үйлс байна” гэж хэлж болох юм. Тэгвэл чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя. 19 Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм. 20 Мунхаг хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүйa гэдгийг мэдмээр байна уу? 21 Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?* 22 Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. 23 “Абрахам Бурханд итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм” гэж өгүүлдэг Бичвэр биелэгдсэн бөгөөд Абрахам нь Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон.* 24 Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна. 25 Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?* 26 Тиймээс сүнсгүй бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.
- 2:8 Лев 19:18
- 2:11 Гэт 20:13–14; Дх 5:17–18
- a2:20 Зарим гар бичмэлд: үхмэл
- 2:21 Эх 22:1–14
- 2:23 Эх 15:6; 2Шс 20:7; Иса 41:8
- 2:25 Иош 2:1–21