Ертөнцтэй сүжрэхүй
4 1 Та нарын дундах хэрүүл болон зөрчил хаанаас гарна вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй та нарын хүслээс гардаг бус уу? 2 Та нар тачаадан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор хүн алдаг. Та нар шунадаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. 3 Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар хүсэл тачаалдаа хэрэглэе хэмээн буруу хандлагаар гуйдаг байна. 4 Завхай эмс ээ, ертөнцтэй сүжрэх нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертөнцтэй сүжирдэг хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. 5 Эсвэл Бичвэр дэмий хоосноор “Бидний дотор нутаглуулсан сүнсээa Тэрээр хардаж харамлан, хүсэмжилдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? 6 Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс
“Бурхан бардмыг эсэргүүцэж
Дарууд нигүүлсэл өгдөг”
гэдэг.* 7 Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. 8 Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. 9 Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. 10 Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
Шүүлт сэрэмжлүүлэл
11 Ах дүү нар аа, бие биеэ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ шүүдэг хүн хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч юм. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж. 12 Гэтэл хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэрээр аварч ч чадна, устгаж ч чадна. Харин хөршөө шүүдэг чи хэн юм бэ?
Маргаашаар сайрхахуй
13 “Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хотод очиж явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн.* 14 Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. 15 Та нар харин оронд нь “Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж ярь. 16 Түүнчлэн та нар ихэмсэг зандаа сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь ёрын муу зүйл юм. 17 Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлддэг бол энэ нь түүнд нүгэл болно.
- a4:5 эсвэл Сүнсээ Тэрээр хардаж харамлан хүсдэг эсвэл сүнс нь атаархан хүсэж байдаг.
- 4:6 Сур 3:34 (LXX)
- 4:13–14 Сур 27:1