Дарлагч баячуулд сэрэмжлүүлэх нь
5 1 Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө уйл, орил. 2 Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь хивэн хорхой иджээ.* 3 Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махбодыг чинь гал мэт залгина. Та нар эрдэнэсээ эцсийн өдрүүдэд хураажээ. 4 Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.* 5 Та нар газар дээр баян тансаг амьдарч, эрх дураараа байсан. Нядалгааны өдөрт та нар зүрхээ борджээ. 6 Та нар зөвт Түүнийг яллаж, алсан. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.a
Зовлон дахь тэвчээр
7 Тиймээс ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт үр жимсийг хүлээж, эрт ба оройтсон бороог ортол тэсвэрлэдэг шүү дээ. 8 Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх нь ойртсон тул зүрхээ чангал. 9 Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдэхгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, үүдэн дээр Шүүгч зогсож байна. 10 Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийн зовлон ба тэвчээрийн жишээг авагтун. 11 Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.*
12 Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын “За нь за”, “Үгүй нь үгүй” байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.*
Итгэлийн залбирал
13 Та нар дунд хэн нэг нь зовж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэг нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг. 14 Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг.* 15 Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн түүнийг босгоно. Тэр нүгэл үйлдсэн бол уучлагдах болно. 16 Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ улайж, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. 17 Елиа бидэнтэй адил жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг шургуу залбирахад гурван жил зургаан сар газарт бороо ороогүй билээ.* 18 Түүнийг дахин залбирахад тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм.*
19 Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал, 20 төөрөгдлийн замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сүнсийгb үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг та нар мэдэгтүн.*
- 5:2–3 Мт 6:19
- 5:4 Дх 24:14–15
- a5:6 эсвэл хүмүүс та нарыг эсэргүүцдэггүй эсвэл Бурхан та нарыг эсэргүүцэхгүй юү?
- 5:11 Иов 1:21–22, 2:10; Дуу 103:8
- 5:12 Мт 5:34–37
- 5:14 Мк 6:13
- 5:17 1Ха 17:1, 18:1
- 5:18 1Ха 18:42–45
- b5:20 эсвэл сэтгэлийг
- 5:20 Сур 10:12; 1Пт 4:8