Ниневегийнхэн эргэв
3 1 ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж,
— 2 Босоод, их хот Ниневе рүү очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ. 3 Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневе рүү явав. Ниневе нь гурван өдөр туулах их хот байлаа. 4 Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран
—Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.* 5 Тэгэхэд Ниневегийн хүмүүс Бурханд итгэжээ. Тэд мацаг барилт зарлаж, хамгийн томоосоо багаа хүртлээ таар ороов.
6 Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суув. 7 Тэрээр тунхаг гаргаж
—Ниневед хаан болон ноёдынх нь гаргасан бошиг зарлигийн дагуу хүн амьтан, үхэр хонь юу ч амсаж болохгүй. Тэд бүү идээшлэг, бүү ус ууг. 8 Харин хүн амьтан цөм таар нөмрөх ёстой. Хүн бүр муу замаасаа, гар дахь хүчирхийллээсээ эргэхийн тулд Бурханыг байдаг чадлаараа дуудаг. 9 Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв. 10 Муу замаа орхисон үйлсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.
- 3:4–5 Мт 12:41; Лк 11:32