Иона уурлав
4 1 Гэвч үүнд ихэд дургүйцсэн Иона уурлаж, 2 ЭЗЭНд залбирч*
—Өө ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлээгүй бил үү? Таныг нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам, гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш руу хурдхан зугтсан юм. 3 Одоо ЭЗЭН! Амийг минь аваач, амьд явснаас үхсэн минь дээр гэв.* 4 Харин ЭЗЭН
—Ингэж уурлах чинь зөв үү? гэжээ.
5 Тэгээд Иона хотоос гаран хотын зүүнтээд очиж буудаллав. Тэрээр хотод тохиолдох зүйлийг хартлаа тэнд байхаар өөртөө сүүдрэвч барьж, сүүдэрт нь суув. 6 Тэгтэл ЭЗЭН Бурхан эрэндийнa бут зэхэж, ая тухгүй байдлаас нь Ионаг хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлүүлэн ургуулжээ. Иона эрэндийн бутнаас болж хөөрөн баярлав. 7 Харин дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой зэхэж, эрэндийн бутыг нэрвэсэнд, тэр нь хатжээ. 8 Нар мандах үед Бурхан дорнын халуун салхи зэхсэн бөгөөд Ионагийн толгой наранд цохиулан тэрээр унан тусаж, үхэхийг хүсэмжлэн
—Амьд явснаас үхсэн минь дээр гэв.
Иона зэмлүүлэв
9 Тэгэхэд Бурхан, Ионад
—Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү? гэж айлдсанд Иона
—Үхтэл уурлах минь зөв гэж хэлэв. 10 Тэгэхэд ЭЗЭН
—Чи эрэндийн бутыг өрөвдөж байдаг. Чиний арчлаагүй, ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болдог эд шүү дээ. 11 Тэгвэл Би их хот Ниневег, баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй зуун хорин мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовохгүй гэж үү? гэж айлдав.
- 4:2 Гэт 34:6
- 4:3 1Ха 19:4
- a4:6 эрэнд: Халуун оронд ургадаг, тослог хар үрт ургамал.