Бурханы сэрэмжлүүлэг биелэв
2 1 Сион охиныг уур хилэнт үүлээрээ
Эзэн яасан их бүрхэнэ вэ!
Тэрээр Израилын сүр жавхланг
Тэнгэрээс газарт хаяж,
Хилэнгийнхээ өдөр Тэрээр
Хөлийнхөө гишгүүрийг эс дурсжээ.
2 Эзэн Иаковын бүх сууцыг
Эс хэлтрүүлэн залгив.
Уур хилэндээ Тэрээр,
Иуда охины бүх бэхлэлтийг нурааж,
Газартай нь тэгшлэв.
Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.
3 Догшин уурандаа Тэрээр
Израилын бүх хүчийг тастав.
Дайснуудын өмнө түүнээс баруун мутраа татав.
Эргэн тойрныг залгигч дүрэлзсэн гал мэт
Иаковын дотор Тэр шатав.
4 Дайсан мэт Тэрээр нумаа татжээ.
Өстөн адил баруун мутраа тавин,
Нүдэнд тааламжтай бүхнийг хядав.
Сион охины майханд
Хилэн юугаа гал мэт цутгав.
5 Дайсан мэт болж,
Израилыг ЭЗЭН залгив.
Ордон болгоныг нь залгиж,
Бэхлэлтүүдийг нь Тэрээр устгав.
Охин Иудагийнх нь халаглал,
Харуусал улам нэмэгдэв.
6 Асраа цэцэрлэгийн овоохой мэт хаяж,
Уулзалтын майхнаа устгав.
Тогтоосон баярууд, Амралтын өдрүүдийг
ЭЗЭН, Сионд мартуулав.
Хилэнгийнхээ зэвүүцэл дотор
Хаан ба тахилчийг ч жигшив.
7 Эзэн тахилын ширээгээ огоорч,
Ариун газраа орхив.
Орднуудынх нь хана хэрмүүдийг
Тэрээр дайсны гарт өгөв.
Тогтоосон баярын өдөрт байгаа мэт
ЭЗЭНий өргөөнд тэд шуугилджээ.
8 Сион охины хана хэрмийг устгахаар
ЭЗЭН шийджээ.
Шугам татаж, мутраа сүйтгэхээс
Үл холдуулжээ.
Хана хэрэм ба хамгаалалтыг харуусуулав.
Хамтдаа бүгд сульдан доройтов.
9 Гулдан хаалганууд нь газарт шигдэв
Хөндлүүдийг нь эвдэж устгав.
Хаад ба хан хөвгүүд нь
Үндэстнүүдийн дунд оров.
Хууль ч цаашид байхаа болив.
Эш үзүүлэгчид нь ЭЗЭНээс
Үзэгдэл үзэхээ бас болив.
10 Сион охины ахмадууд газар сууна, чимээ алга.
Толгой дээрээ тэд шороо цацаж,
Таар юугаар өөрсдийгөө бүсэлжээ.
Йерусалимын онгон охид
Толгойгоо газар хүртэл гудайлгав.
11 Нулимснаас болж нүд минь сүүмийж,
Ходоод минь шатан зовно.
Хотын гудамжинд үрэгдсэн багачууд нялхас,
Сүйрэн буй түмнээ хараад
Элэг минь газарт асгарав.
12 Шархдан унах эрс мэт хүүхдүүд үрэгдэнэ
Шаналан, эхийнхээ өвөр дээр амиа асгахдаа
“Тариа, дарс байна уу?” гэцгээнэ.
13 Йерусалим охин минь!
Чамайг би хэрхэн зэмлэх вэ?
Чамайг би юутай зүйрлүүлэх вэ?
Онгон охин Сион оо!
Чамайг тайтгаруулж байхдаа
Чамайг би юутай адилтгах вэ?
Учир нь сүйрэл чинь далай шиг уудам аж.
Хэн чамайг эдгээж чадах вэ?
14 Эш үзүүлэгчид чинь чамд зориулан
Хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харжээ.
Олзноос чамайг гаргахын төлөө
Хилэнцийг чинь тэд дэлгэх ёстой байсан ч
Огт тэгсэнгүй.
Харин тэд чамд зориулан
Хуурамч агаад төөрүүлэх зөнгүүд үзжээ.
15 Замаар өнгөрөгч бүгд чам руу алгаа ташна.
Тэд Йерусалим охин руу шогшрон, толгойгоо сэгсэрч,
“Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан гэгдсэн
Өнөө хот энэ мөн үү?” гэлцэнэ.
16 Бүх дайсан чинь чиний эсрэг амаа том ангайв.
Тэд шогшрон, шүдээ хавирав.
“Бид залгив!
Бидний хүлээж байсан өдөр гарцаагүй энэ мөн.
Бид хүрэв, бид үзэв” гэж тэд хэлж байна.
17 ЭЗЭН зорьсноо хэрэгжүүлжээ.
Эртний өдрүүдээс тушаасан үгээ гүйцэлдүүлжээ.
Эс өршөөн доош чулуудаж,
Дайснуудыг чинь та нарын дээр баясгажээ.
Өстнүүдийн чинь чадлыг Тэрээр өргөмжилжээ.
18 Тэдний зүрх Эзэн өөд хашхирч,
“Сион охины хана хэрэм ээ,
Нулимс чинь гол мэт доош өдөр шөнөгүй урсаг.
Бүү чөлөө гараг, нүд чинь бүү амраг.
19 Босогтун, шөнийн харуулуудын эхэнд
Шөнөөр чангаар хашхир.
Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга.
Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй
Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө
Түүн рүү гараа сарвайн өргө” гэнэ.
20 Өө ЭЗЭН, хараач, үзээч!
Хэнийг Та ингэнэ вэ?
Эмэгтэйчүүд үр хүүхдээ,
Эрүүл төрсөн балчир үрсээ идэх ёстой гэж үү?
Эзэний ариун газарт эш үзүүлэгч, тахилч алуулах ёстой гэж үү?
21 Хөгшин залуугүй гудамжинд газар хэвтэцгээжээ.
Онгон охид, залуус минь илдэнд унажээ.
Хилэнгийнхээ өдөр Та тэднийг устгаж,
Өршөөлгүйгээр хяджээ.
22 Түгшүүр төрүүлэгчдийг минь
Тогтоосон баярын өдрүүдийнх шигээ
Тал бүрээс Та дуудав.
ЭЗЭНий хилэгнэлийн өдөрт
Зугтсан, амь гарсан хэн ч байсангүй.
Төрүүлж, өсгөсөн тэднийг минь
Дайсан үгүй хийв.