Өршөөл эрсэн гуйлт
5 1 ЭЗЭН, бидэн дээр юу унасныг санаач,
Хэрхэн гутамшиг болсныг маань үзээч!
2 Харийнхан руу өв маань эргэж,
Гаднынханд орон гэрүүд маань очжээ.
3 Эцэггүй өнчин болов, бид чинь.
Эхчүүд маань бэлэвсрэв.
4 Усаа хөлс төлж ууна, түлээгээ үнээр авна.
5 Мөшгөгчид шил даран хөөнө.
Амсхийхгүй байсаар бид туйлдав.
6 Хүрэлцэхүйц талх олох гэж
Египет, Ассирид захирагдав.
7 Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав.
Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна.
8 Боолчууд ноёрхож байхад,
Гараас нь биднийг салгах хэн ч алга.
9 Цөл дэх илд хурц тул
Талх тариа олох нь амь өрссөн ажил болов.
10 Ган гачгийн төөнөм халуун зуухны улмаас
Бидний арьс харлав.
11 Сионд эмэгтэйчүүд,
Иудагийн хотуудад онгон охид маань хүчиндүүлэв.
12 Хан хөвгүүд гараасаа дүүжлүүлж,
Ахмадууд минь эс хүндлэгдэв.
13 Залуу эрс тээрэмд зүтгэж,
Балчир хөвгүүд гуалин үүрч гуйвав.
14 Ахмадууд гулдан хаалгануудаас,
Залуус хөгжмөөсөө алсарчээ.
15 Зүрхний баяр хөөр маань зогсож,
Бүжиг маань халаглалаар солигджээ.
16 Титэм маань толгойноос унажээ.
Бид нүгэл үйлдсэн тул золгүй еэ!
17 Иймд зүрх маань зовуурилна.
Тиймд нүд маань сүүмийнэ.
18 Сион уул эзгүйрч
Цөөвөр чононууд холхиж байна.
19 ЭЗЭН, харин Та мөнхөд захирдаг
Хаан сэнтий тань үеэс үед оршдог.
20 Юунд Та биднийгээ ор тас мартав?
Юунд Та биднийгээ удаан орхино вэ?
21 Өөртөө биднийгээ сэргээгээч, ЭЗЭН,
Урьдын өдрүүд шигээ шинэчлээч.
22 Биднээс бүрмөсөн татгалзаагүй ч
Бидэнд Та ихэд уурласан билээ.