Сионы шийтгэл

4 1 Алт хэчнээн харлаж, цэвэр алт гундав!
Алмаас эрдэнэ нь асгаран бутарч,
Гудамны буланд хөглөрөв.

2 Шижир алтны үнэтэй
Сионы эрдэнэт хөвгүүдийг
Ваарчны гарын ажил болох
Үнэгүй шавар ваар мэт үзэв!

3 Цөөвөр чоно ч гэсэн бэлтрэгнүүдээ
Хөхөөрөө амлуулж тэжээдэг атал
Ард түмэн гэдэг охин минь
Цөлийн тэмээн хяруул мэт харгис болов.

4 Нялхас минь цангаж, хэл тагнай нь зуурчээ.
Багачууд талх нэхэвч өгөх хэн ч алга.

5 Амттаны дээдийг иддэг байсан хүмүүс гудамд адлуулж,
Даавууны сайныг өмсдөг байсан хүмүүс
Үнс, хогийн сав тэврэв.

6 Учир нь ард түмэн гэдэг охины минь хилэнц
Содомын нүглээс ч үлэмж их ажээ.
Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом руу
Ямар ч гар эргээгүй билээ.*

7 Ихэс дээдэс минь цаснаас ч цэвэр,
Сүүнээс ч цагаан байлаа.
Тэд биеэрээ шүрнээс ч илүү улаахан,
Өнгө нь индранил мэт байлаа.

8 Өдгөө төрх нь хөөнөөс ч хар,
Гудамжинд ч танигдахгүй болжээ.
Арьс нь ясан дээрээ хатаж,
Мод мэт болжээ.

9 Талбайн ургац тасарч, өлсгөлөнгөөр үхэгсдээс
Илдэнд сийчүүлж үхэгсэд илүү азтай болов.

10 Өрөвч эмэгтэйчүүд хүртэл
Өөрийнхөө гараар хүүхдээ чанахад хүрэв.*
Ард түмэн гэдэг охин минь
Сүйрлийн улмаас хүүхдүүдээрээ хооллов.

11 ЭЗЭН хилэнгээ гүйцэлдүүлж,
Догшин хилэнгээ асган
Түймрийн гал илгээж,
Сионыг туурь болтол шатаав.

12 Өстөн ба дайсан нь Йерусалимын гулдан хаалгануудаар орно гэдэгт
Газар дэлхийн хаад ч, дэлхийн оршин суугчид ч итгэж байгаагүй.

13 Эш үзүүлэгчдийн нүгэл, тахилчдын хилэнцээс болж
Шударга хүний цусыг хотын дунд урсгасан юм.

14 Гудамжинд тэд өдгөө бэдрэн явахад
Хувцсанд нь хэн ч хүрч чадахааргүй болов.
Цусаар тэд бузарлагдсан байна.

15 “Зайлагтун! Бузар” хэмээн хүмүүс тэдэн рүү хашхирна.
“Зайл, зайл, бүү хүр!”
Тэгээд тэд зугтан хэсүүчилж,
“Тэд цаашид энд суух ёсгүй” гэж
Үндэстнүүдийн дунд хэлэгдэв.

16 Тэднийг тараагч нь ЭЗЭН тул
Тэд ойшоогдохоо больсон.
Тахилч нар үл хүндлэгдэж,
Ахмадууд эс хайрлагдав.

17 Тусламж хайвч сураггүй тул нүд сүүмийж,
Аврал хайн улс орнуудыг харуулдавч эс олдов.

18 Алхааг минь отох тул
Гудамжнууддаа гарч алхаж чадахгүй нь,
Төгсгөл маань ойртож,
Өдрүүд минь гүйцэж, эцэс маань иржээ.

19 Мөшгөгчид тэнгэрийн бүргэдээс хурлан,
Уулсын дээгүүр биднийг хөөсөн.
Цөлд отон хүлээсэн.

20 ЭЗЭН минь, Таны тосолсон хүмүүс,
Бидний амьдралын амьсгаа тулгуур бологсод
Дайсныхаа нүхэнд унаж олзлогджээ.
“Сүүдэр дор нь харь үндэстнүүдийн дунд амьдарна” гэж
Харин бид хэлж байсан даа!

21 Узын нутаг дахь Едом охин чи,
Баясан, баярлан хөөрч л бай!
Аяга чам руу ч тойрон ирнэ
Чи согтууран өөрийгөө нүцгэлнэ.

22 Сион охин минь, хилэнц чинь дууслаа.
Тэр чамайг цаашид цөлөхгүй.
Едом охин минь,
Хилэнцийг чинь Тэрээр шийтгэх л болно.
Нүглүүдийг чинь дэлгэх л болно!


  • 4:6 Эх 19:24
  • 4:10 Дх 28:57; Езк 5:10