Араатан ба их янхан

17 1 Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан
—Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.* 2 Газрын хаад тэр эмтэй завхайрч, газар дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаасан гэв.* 3 Тэр намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.* 4 Тэр эмэгтэй нил ягаан ба час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулуунууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын булай юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.* 5 Түүний духан дээр “Газрын янхнуудын ба жигшүүрт юмсын эх агуу Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв. 6 Тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав.
Би түүнийг хараад, ихэд гайхлаа. 7 Өнөөх тэнгэрэлч надад
—Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн ба түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье. 8 Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл рүү явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй газар дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.* 9 Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бөгөөд долоон хаан юм. 10 Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа, нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой. 11 Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь боловч өнөөх л долоогийн нэг нь бөгөөд сүйрэл рүүгээ явна. 12 Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.* 13 Тэд нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө. 14 Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
15 Тэр надад
—Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм. 16 Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар шатаах болно. 17 Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм. 18 Чиний харсан тэр эм бол газрын хаадыг хаанчлах агуу хот мөн гэв.


  • 17:1 Иер 51:13
  • 17:2 Иса 23:17; Иер 51:7
  • 17:3 Илч 13:1
  • 17:4 Иер 51:7
  • 17:8 Дан 7:7; Илч 11:7; Дуу 69:28
  • 17:12 Дан 7:24