9 1 Тав дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрээс газарт унасан одыг би харав. Тэр одонд оёоргүй гүнийа худгийн түлхүүрийг өгсөн байлаа. 2 Өнөөх од оёоргүй гүний худгийг нээтэл асар том зуухных мэт утаа худгаас гарав. Худгийн утаанаас болж нар, агаар харанхуйллаа.* 3 Утаанаас царцаанууд газар дээр гарч ирэв. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч мэт хүч тэдэнд өгөгдсөн ажээ.* 4 Газрын өвс ногоо, ямар ч ногоон ургамал болон модонд хор учруулж болохгүй, харин духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст хор учруулж болно гэж тэдэнд хэлсэн байв.* 5 Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгал нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил аж. 6 Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайвч яагаад ч олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.*
7 Царцаануудын төрх нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алтан титэм мэт зүйлтэй, нүүр нь хүний нүүр шиг юм.* 8 Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд шүд нь арслангийн шүд шиг байв.* 9 Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьт тэрэгний чимээтэй адил байлаа.* 10 Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байв. 11 Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь оёоргүй гүний тэнгэрэлч ажээ. Нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.
12 Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.
13 Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь* 14 бүрээ бүхий зургаа дахь тэнгэрэлчид хандан
—Агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэрэлчийг сулла гэв. 15 Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн дөрвөн тэнгэрэлч суллагдав. 16 Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов. 17 Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэрьяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтнуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана. 18 Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж, хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа. 19 Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор бас сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хөнөөл учруулж байв.
20 Эдгээр гамшгуудад хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй, чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө ч больсонгүй.* 21 Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.
- а9:1 оёоргүй гүн: Шүүлтийн өдөр хүртэл чөтгөрүүд хоригдох газрын гүн дэх орон.
- 9:2 Эх 19:28
- 9:3 Гэт 10:12–15
- 9:4 Езк 9:4
- 9:6 Иов 3:21; Иер 8:3
- 9:7 Иое 2:4
- 9:8 Иое 1:6
- 9:9 Иое 2:5
- 9:13 Гэт 30:1–3
- 9:20 Дуу 115:4–7, 135:15–17; Дан 5:23