Бидний өмгөөлөгч Христ

2 1 Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад Тэр бол зөвт Есүс Христ мөн. 2 Тэр Өөрөө бидний нүглийн эвлэрүүлэл болсон бөгөөд зөвхөн бидний нүглийн төдийгүй, хамаг ертөнцийн нүглийн эвлэрүүлэл болсон билээ. 3 Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ. 4 “Түүнийг би мэднэ” гэж хэлчхээд, Түүний тушаалуудыг сахидаггүй хүн бол худалч бөгөөд түүнд үнэн алга. 5 Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. 6 Өөрийгөө Түүний дотор байдаг гэж хэлдэг хүн нь Түүний явсанчлан тийнхүү явах учиртай.

Шинэ тушаал

7 Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Энэхүү хуучин тушаал нь та нарын сонсож байсан үг бөгөөд* 8 харин одоо шинэ тушаал болгон би та нарт бичиж байна. Яагаад гэвэл харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийн гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор энэ нь үнэнa ажээ. 9 Тиймээс гэрлийн дотор байдаг гэж хэлчхээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм. 10 Ах дүүгээ хайрладаг хүн гэрлийн дотор байгаа бөгөөд түүндb бүдрүүлэхc шалтгаан байхгүй. 11 Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байж, харанхуй дотор алхдаг бөгөөд нүдийг нь харанхуй сохолсон тул хаашаа яваагаа ч үл мэднэ.
12 Бяцхан хүүхдүүд ээ,
Нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул
Би та нарт бичиж байна.
13 Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул
Би та нарт бичиж байна.
Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул
Би та нарт бичиж байна.
14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул
Би та нарт бичлээ.
Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул
Би та нарт бичлээ.
Залуус аа, та нар хүчтэй,
Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд
Та нар ёрын нэгнийг дийлсэн тул
Би та нарт бичлээ.
15 Ертөнц хийгээд ертөнцөд байгаа юмсад бүү дурла. Хэн нэг нь ертөнцөд дурладаг бол түүнд Эцэгийн хайр алга. 16 Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махбодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм. 17 Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мөнхөд оршино.

Антихристийн талаарх анхааруулга

18 Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Антихрист ирж байна гэж та нар сонссончлон, одоо антихристүүд олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ. 19 Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш байсан. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэд нар бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм. 20 Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ. 21 Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн юм биш, харин үнэнийг мэддэг учраас, бас ямар ч худал нь үнэнээс гардаггүй учраас би та нарт бичсэн. 22 Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол антихрист буюу Эцэгийг болоод Хүүг үгүйсгэгч юм. 23 Хэн Хүүг үгүйсгэнэ, түүнд Эцэг байхгүй. Хэн Хүүг хүлээн зөвшөөрнө, түүнд Эцэг бий. 24 Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүүгийн болоод Эцэгийн дотор байх болно. 25 Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.
26 Та нарыг мэхлэхээр оролдогчдын тухайд эдгээрийг би та нарт бичлээ. 27 Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн юм. Тиймээс та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.

Бурханы хүүхдүүд

28 Бяцхан хүүхдүүд ээ, та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичих юмгүй байх болно. 29 Та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.


  • 2:7 Иох 13:34
  • a2:8 эсвэл бодитой
  • b2:10 эсвэл тэдэнд
  • c2:10 эсвэл бүдрэх