Итгэл ертөнцийг ялдаг
5 1 Есүс бол Христ мөн гэдэгт итгэдэг хүн бүр Бурханаар төрсөн юм. Төрүүлэгчийг хайрладаг хэн боловч Түүгээр төрөгсдийг хайрладаг. 2 Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа үүгээр Бурханы хүүхдүүдийг хайрладгаа мэднэ. 3 Түүний тушаалуудыг сахих нь Бурханыг хайрлах явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш.* 4 Тиймээс Бурханаар төрсөн бүхэн ертөнцийг ялдаг бөгөөд ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болой. 5 Есүс бол Бурханы Хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ?
Бурханы хүүгийн тухай гэрчлэл
6 Энэ бол ус ба цусаар ирсэн Нэгэн буюу Есүс Христ юм. Зөвхөн усаар биш, харин ус ба цусаар аж. Үүнийг гэрчлэгч нь Сүнс бөгөөд Сүнс бол үнэн юм. 7 Гэрчлэгч нь гурав бөгөөд 8 Сүнс, ус болон цус болой. Энэ гурав нь нэг юм. 9 Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. 10 Бурханы Хүүд итгэдэг хүн дотроо гэрчлэлтэй. Бурханд итгэдэггүй нь Түүнийг худалч болгож байна. Учир нь Хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. 11 Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөнх амь өгсөн бөгөөд энэхүү амь Түүний Хүүгийн дотор байна.* 12 Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.
Төгсгөл
13 Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт би үүнийг бичлээ. 14 Бид Түүний хүслийн дагуу юу ч гуйсан, Тэр биднийг сонсдог бөгөөд энэ нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. 15 Бид юу ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ.
16 Хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдсэн тэр хүнд Бурхан амийг өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй. 17 Зүй бус бүхэн нүгэл мөн, гэвч үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий.
18 Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлдээд байдаггүйг бид мэднэ. Тэднийг Бурханаар төрсөн Тэрээр хамгаалдаг бөгөөд ёрын муу нэгэн тэдэнд хүрэхгүй. 19 Бид Бурханых, харин бүх ертөнц нь ёрын нэгний дор байдгийг бид мэднэ. 20 Бурханы Хүү ирээд, үнэн Нэгэнийг бидэнд мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэний дотор болон Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ. 21 Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.
- 5:3 Иох 14:15
- 5:11 Иох 3:36