Сүнснүүдийг шалга
4 1 Хайртууд минь, сүнс болгонд бүү итгэ. Харин сүнснүүдийг Бурханаас эсэхийг шалга. Учир нь олон хуурамч эш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн. 2 Бурханы Сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөгч сүнс бүр Бурханаас бөгөөд 3 Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас бус. Энэ бол антихристийнх бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр эдүгээ дэлхийд аль хэдийн байна. 4 Бяцхан хүүхдүүд ээ, та нар Бурханых бөгөөд тэднийг дийлсэн. Учир нь та нарын дотор байгаа Тэр бол дэлхийд байгчаас аугаа. 5 Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийн юмсыг ярьдаг, ертөнц тэднийг сонсдог. 6 Бид бол Бурханых. Бурханыг мэддэг хүн биднийг сонсдог. Бурханаас бус бол биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнэний Сүнс ба мэхлэлийн сүнсийг танина.
Бурхан бол хайр
7 Хайртууд минь, бие биеэ хайрлацгаая. Учир нь хайр бол Бурханаас ирдэг. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг. 8 Эс хайрлагч нь Бурханыг таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. 9 Бурхан цорын ганц Хүүгээ ертөнцөд илгээсэн нь Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. 10 Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн. Үүнд л хайр байгаа юм. 11 Хайртууд минь, Бурхан биднийг ийнхүү хайрласан бол бид ч бие биеэ хайрлах учиртай. 12 Хэн ч, хэзээ ч Бурханыг хараагүй. Хэрэв бид бие биеэ хайрлавал, Бурхан бидний дотор байж, Түүний хайр бидний дотор төгс болно.*
13 Тэр Өөрийнхөө Сүнсийг бидэнд өгсөн учир бид Түүний дотор, Тэр бидний дотор буйг бид үүгээр мэднэ. 14 Эцэг нь Хүүгээ ертөнцийн Аврагчаар илгээснийг бид үзсэн бөгөөд гэрчилж байна. 15 Есүс бол Бурханы Хүү гэж хүлээн зөвшөөрдөг хэний ч дотор Бурхан байж, тэрээр Бурханы дотор байна. 16 Биднийг хайрладаг Бурханы хайрыг бид мэдэж, итгэдэг.
Бурхан бол хайр мөн. Хайр дотор байгч нь Бурханы дотор байж, Бурхан түүний дотор байна. 17 Үүгээр хайр нь бидний дунд төгс болдог. Тэр ямар байсан шиг бид энэ ертөнцөд мөн тийм байдаг учраас шүүлтийн өдөр бид зоригтой байх болно. 18 Хайр дотор айдас үгүй. Харин төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна. Учир нь айдаст ял байдаг. Айдаг нэгэн нь хайр дотор төгс болгогдоогүй байна. 19 Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг. 20 Хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчхээд, ах дүүгээ үзэн яддаг бол тэр худалч. Учир нь харагдаж байгаа ах дүүгээ хайрладаггүй хүн харагдахгүй байгаа Бурханыг хайрлаж чадахгүй. 21 Бурханыг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг Түүнээс авсан билээ.
- 4:12 Иох 1:18