3 1 Биднийг Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид үнэхээр тийм юм. Харин Түүнийг таниагүй учир ертөнц биднийг таньдаггүй.* 2 Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй байна. Гэвч Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгээ мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно. 3 Түүнд ийнхүү найдаж байгаа бүхэн Түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг.
4 Нүгэл үйлддэг хүн бүр ёс бусыг үйлддэг. Нүгэл бол ёс бус юм. 5 Нүглийгa зайлуулахын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй.* 6 Тиймээс Түүний дотор байгч хэн ч нүгэл үйлддэггүй. Харин нүгэл үйлддэг хэн ч Түүнийг үзээгүй, мэдээгүй юм. 7 Бяцхан хүүхдүүд ээ, та нарыг хэн ч бүү мэхлэг. Тэр зөвт байдагчлан зөвийг үйлдэгч нь зөвт юм. 8 Нүгэл үйлддэг нь диаволынх. Диавол эхнээсээ нүгэл үйлдсэн. Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү илчлэгджээ. 9 Бурханаас төрсөн хүн нүгэл үйлддэггүй. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдээд байж чадахгүй. 10 Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.

Бие биеэ хайрла

11 Бие биеэ хайрлах ёстой гэдэг нь та нарын эхнээсээ сонссон мэдээ билээ.* 12 Бид Каин шиг байх ёсгүй. Тэрээр ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан юм. Яагаад тэр түүнийг алав? Яагаад гэвэл өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж.* 13 Ах дүү нар аа, ертөнц та нарыг үзэн ядвал бүү гайх. 14 Бид ах дүүсээ хайрладаг учраас үхлээс аминд шилжсэнээ мэднэ. Үл хайрлагч нь үхэл дотор байна.* 15 Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ. 16 Бидний төлөө Тэр амиа өгсөн тул, үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. 17 Дэлхийн эд хөрөнгөтэй нэг нь ах дүүгийнхээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал, түүний дотор Бурханы хайр яахан байх билээ? 18 Бяцхан хүүхдүүд ээ, бид үг хэлээр бус, харин үйл ажил, үнэнээр хайрлацгаая.
19 Үүгээр бид үнэнийх болохоо мэдэж, Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. 20 Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан, бидний зүрхнээс аугаа бөгөөд бүхнийг мэддэг. 21 Хайртууд минь, зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурханы өмнө зоригтой байж, 22 гуйсан болгоноо Түүнээс хүлээн авна. Учир нь бид Түүний тушаалуудыг сахиж, Түүнд тааламжтайг үйлддэг билээ. 23 Бид Түүний Хүү Есүс Христийн нэрд итгэж, бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь Түүний тушаал юм.* 24 Түүний тушаалуудыг сахигч нь Бурханы дотор байж, Бурхан ч түүний дотор байна. Бидний дотор Тэр байгааг Түүний бидэнд өгсөн Сүнсээр бид мэддэг.


  • 3:1 Иох 1:12
  • a3:5 Зарим гар бичмэлд: бидний нүглийг
  • 3:5 Иох 1:29
  • 3:11 Иох 13:34
  • 3:12 Эх 4:8
  • 3:14 Иох 5:24
  • 3:23 Иох 13:34, 15:12,17