Амьд чулуу ба сонгогдсон хүмүүс

2 1 Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж, 2 үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар авралд өсөх юм. 3 Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан бол тэгэгтүн.* 4 Эзэн рүү ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ. 5 Иймд амьд чулуу мэт болсон та нар ч бас Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдаж байна. 6 Энэ нь Бичвэрт
“Харагтун. Сонгогдсон, булангийн үнэт чулууг
Би Сионд тавина.
Түүнд итгэгч нь ичгүүрт орохгүй”
гэсэн байдаг.* 7 Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэтэй юм. Харин үл итгэгчдэд
“Барилгачдын голсон чулуу нь
Булангийн чулуу болов”* 8 мөн
“Бүдрүүлгийн Чулуу, тээглэх Хад болсон юм.”
Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.*
9 Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.*
10 Та нар урьд нь ард түмэн биш байсан бол
Одоо Бурханы ард түмэн болжээ.
Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч
Одоо та нар өршөөлийг хүртжээ.*

Бурханы зарц мэт амьдар

11 Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг цагаач ба түр суурьшигч болсон та нараас би гуйя. 12 Харийнхан дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг муу муухайг үйлдэгчид хэмээн гүтгэвч, сайн үйлсийг чинь олж харна. Тэгээд Түүний ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.
13 Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юм уу, 14 эсвэл зөвийг үйлдэгчдийг магтаж, мууг үйлдэгчдийг шийтгэхийн тулд хааны илгээсэн захирагчдад захируул. 15 Сайныг үйлдсэнээрээ та нар мунхаг хүмүүсийн мэдлэггүй байдлыг дуугүй болгох нь Бурханы хүсэл юм. 16 Чөлөөт хүн мэт бай. Эрх чөлөөгөө муу муухайг далдлах халхавч болгон бүү ашигла, харин Бурханы зарц мэт бай. 17 Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурханаас эмээ. Хааныг хүндэл.

Христийн зовлонгийн жишээ

18 Боолууд аа, бүхий л хүндлэлээр зөвхөн сайн, дөлгөөн төдийгүй, бас гажууд эздэдээ ч захирагд. 19 Учир нь хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь нигүүлсэл юм. 20 Хэрэв та нар нүгэл үйлдэж цохиулаад тэвчсэн бол үүнд ямар гавьяа байх билээ? Харин та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, энэ нь Бурханы өмнө нигүүлсэл юм. 21 Учир нь та нар үүнд дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг мөрөөрөө дагуулахын тулд та нарт үлгэр дуурайл үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн.
22 Тэр нүгэл үйлдээгүй,
Аманд нь мэх худал байгаагүй.*
23 Тэр зүхэгдэж байхдаа, хариуд нь зүхээгүй. Тэр зовон тарчилж байхдаа заналхийлээгүй, харин шударгаар шүүдэг Нэгэнд Өөрийгөө даатгасаар байлаа.* 24 Биднийг нүглийн хувьд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Тиймээс та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.* 25 Та нар хонь мэт төөрсөөр байсан боловч эдүгээ Хоньчин буюу сэтгэлийнхээ Харгалзагч руу буцаж иржээ.*


  • 2:3 Дуу 34:8
  • 2:6 Иса 28:16 (LXX)
  • 2:7 Дуу 118:22
  • 2:8 Иса 8:14–15
  • 2:9 Гэт 19:5–6; Иса 43:20–21 (LXX); Дх 4:20, 7:6, 14:2; Тит 2:14; Иса 9:2
  • 2:10 Хос 2:23
  • 2:22 Иса 53:9
  • 2:23 Иса 53:7
  • 2:24 Иса 53:5
  • 2:25 Иса 53:6