Бурханы нигүүлслийн сайн нярвууд
4 1 Иймээс Христ нэгэнтээ махбодоороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдийгөө зэвсэглэ. Учир нь махбодоороо зовсон нь нүглийг дуусгасан. 2 Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм. 3 Учир нь өнгөрсөн хугацаанд та нар харийнхны хийхийг хүсдэг зүйлс болох завхайрал, тачаал, согтуурал, утга учиргүй найрлан цэнгэх, архидах болон ёс бус шүтээнд мөргөх явдлыг мөшгөж байсан чинь хангалттай. 4 Энэ тал дээр хүмүүс та нарыг хачирхаж, самуурлын урсгалд нь нийлээгүйн төлөө муу хэлдэг. 5 Гэвч тэд амьд ба үхэгсдийг шүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно. 6 Учир нь энэ зорилгын үүднээс сайнмэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махбодоороо хүмүүсийн адил шүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм.
7 Бүх юмсын төгсгөл ойр ирчхээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун. 8 Юуны өмнө, бие биеэ байнга хайрла. Хайр нь тоо томшгүй нүглийг халхалдаг.* 9 Гомдол тавилгүйгээр бие биедээ зочломтгой ханд. 10 Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. 11 Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгвэл бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.
Итгэгчийн хувьд зовох нь
12 Хайрт хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтыг та нар ямар нэгэн хачирхалтай юм тохиолдсон мэт бүү гайх. 13 Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мөн Түүний алдар илчлэгдэхэд та нар хөөрөн баярлах юм. 14 Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерөөлтэй. Яагаад гэвэл алдрын болоод Бурханы Сүнс та нарын дээр оршдог. 15 Та нараас хэн нь ч алуурчин эсвэл хулгайч эсвэл муу муухайг үйлдэгч эсвэл бусдын хэрэгт хошуу дүрдэг нэгэн мэт бүү зовог. 16 Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдаршуул. 17 Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайнмэдээнд дуулгаваргүй байсан хүмүүсийн төгсгөл юу болох вэ?
18 Зөвт нь арай гэж аврагдах юм бол,
Итгэл сүсэггүй хүн болон нүгэлтэн нь
Яах болж байна?*
19 Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод нь зөвийг үйлдсээр, амиа итгэмжит Бүтээгчид даатгаг.
- 4:8 Сур 10:12
- 4:18 Сур 11:31 (LXX)