Бурханы сүргийг халамжлахуй
5 1 Тиймээс та нарын дундах ахлагчдыг Христийн зовлонгийн гэрч, илчлэгдэх алдрыг хуваалцагч, адилхан ахлагчийнхаа хувьд би ятгаж байна. 2 Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, бохир ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр* хий. 3 Та нарт даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол. 4 Тэгвэл Тэргүүн Хоньчныг гарч ирэхэд та нар алдрын гандашгүй титмийг хүлээн авна.
5 Үүнчлэн залуус аа, та нар ахлагчдадаа захирагд. Та бүхэн нэг нэгэнтэйгээ харилцахдаа даруу байдлыг өмс. Учир нь
Бурхан бардмыг эсэргүүцдэг,
Харин дарууд нигүүлсэл өгдөг.*
6 Иймд Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө.* 7 Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд өг.
8 Саруул ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт энд тэндгүй явдаг. 9 Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ. 10 Христ дотор та нарыг Өөрийн мөнх алдарт дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Өөрөө, түр зуур зовсны чинь дараа та нарыг төгс болгож, бататгаж, бэхжүүлж, байгуулах болно. 11 Сүр хүч нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.
Сүүлчийн мэндчилгээ ба залбирал
12 Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс.* 13 Та нартай хамт сонгогдсон Вавилон дахь чуулган болоод мөн миний хүү Марк та нартай мэндчилж байна.* 14 Хайрын үнсэлтээр бие биетэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.
- 5:2 Иох 21:15–17
- 5:5 Сур 3:34 (LXX)
- 5:6 Мт 23:12; Лк 14:11, 18:14
- 5:12 Үйл 15:22,40
- 5:13 Үйл 12:12,25, 13:13, 15:37–39; Кол 4:10; Флм 24