Эхнэрүүд ба нөхрүүд

3 1 Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Тэгвэл зарим нөхрүүд үгийг дагадаггүй боловч, үг яриагаар бус журамт явдлаар чинь Эзэн рүү ирнэ.* 2 Тэд та нарын журамтай бөгөөд хүндлэлтэй байдлыг чинь ажиглана шүү дээ. 3 Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг.* 4 Харин нуугдмал дотоод хүнээ дөлгөөн ба даруу сэтгэл бүхий мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой. 5 Учир нь урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нөхрүүддээ захирагдан өөрсдийгөө ийнхүү гоёдог байв. 6 Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.*
7 Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн, та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийг хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл залбиралд чинь саад тотгор учрахгүй.*

Зөвийн төлөө зовох нь

8 Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бөгөөд даруу байцгаа. 9 Ерөөлийг өвлөхөөр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерөөгтүн. 10 Учир нь
“Амийг хүсэмжилдэг бөгөөд,
Сайн өдрүүдийг үзэхийг хүсдэг нь
Хэлээ муу муухайгаас
Уруулаа худал хэлэхээс хамгаал.*
11 Муугаас эргэж, сайныг үйлд.
Амар тайвныг хай, мөшгө.
12 Учир нь Эзэний мэлмий зөвт хүмүүс дээр,
Сонор нь тэдний залбиралд анхаарал тавьдаг.
Эзэний царай харин мууг үйлдэгчдийн эсрэг байдаг.”
13 Хэрэв та нар сайны төлөө зүтгэдэг бол хэн та нарт хор учруулах юм бэ? 14 Та нар зөвт байдлын төлөө зовсон ч, та нар ерөөлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд.* 15 Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин доторх найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн бөгөөд хүндэтгэлтэйгээр хариул. 16 Мөн сайн мөс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явааг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно. 17 Бурхан таалж байвал, та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр. 18 Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж,a биднийг Бурханд аваачихын тулд Зөвт нь зөвт бусыг орлосон. Ингэхдээ махбодод үхэж, сүнсэнд амилуулагдав. 19 Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ. 20 Урьд Ноагийн өдрүүдэд хөвөгч онгоц баригдаж, Бурхан тэвчиж хүлээсээр байх тэр цагт эдгээр сүнснүүд нь дуулгаваргүй байсан юм. Тэрхүү хөвөгч онгоцонд цөөн буюу найман хүн орж, усаар дамжин аврагджээ.* 21 Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм. 22 Тэрээр тэнгэрт очиж, Бурханы баруун талд байгаа бөгөөд тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.


  •  3:1 Еф 5:22; Кол 3:18
  • 3:3 1Тм 2:9
  • 3:6 Эх 18:12
  • 3:7 Еф 5:25; Кол 3:19
  • 3:10–12 Дуу 34:12–16
  • 3:14–15 Мт 5:10; Иса 8:12–13
  • a3:18 Зарим гар бичмэлд: шаналж
  • 3:20 Эх 6:1—7:24