Тесалоникт хийсэн Паулын үйлчлэл
2 1 Ах дүү нар аа, бид та нар дээр дэмий очоогүйг та нар өөрсдөө мэднэ. 2 Харин та нарын мэдэж байгаачлан бид урьд нь Филиппойд зовж, жанчуулсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурханы дотор бидэнд байсан юм.* 3 Учир нь бидний ятгалга нь төөрөгдөл, бузар хандлагаас гараагүй, заль мэх дотор ч байгаагүй. 4 Харин сайнмэдээг бидэнд хариуцуулахаар Бурханы даалгасан ёсоор бид хүмүүст таалагдах гэж бус, харин зүрхийг маань шалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм. 5 Та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй, шунахай сэдэлтэй байгаагүй. Бурхан үүний гэрч. 6 Бид алдрыг хүмүүсээс, та нараас эсвэл бусдаас ч эрээгүй. 7 Христийн элчийн хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан.a 8 Та нарын төлөөх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зөвхөн Бурханы сайнмэдээг бус, өөрсдийгөө өгөхөд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон. 9 Ах дүү нар аа, та нар бидний зүдрэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан. 10 Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар бас Бурхан билээ. 11 Та нарын мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг шиг бид та нарын хүн нэг бүрийг 12 Өөрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамшуулж, гуйж байсан.
13 Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм. 14 Ах дүү нар аа, та нар Христ Есүсийн доторх, Иудейд байгаа, Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс зовлон амссан шиг, та нар ч мөн өөрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ.* 15 Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, биднийг хавчиж, Бурханыг эс таашааж, бүх хүнд өсөрхөж,* 16 харь үндэстнүүдийг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүгэл хилэнц хуралдаж байв. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.
Паулын дахин очих хүсэл
17 Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ биш, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан. 18 Тиймээс бид та нар дээр очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулсан. 19 Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу? 20 Та нар бидний алдар бөгөөд баяр баясгалан билээ.
- 2:2 Үйл 16:19–24, 17:1–9
- a2:7 Зарим гар бичмэлд: та нартай байхдаа яг хүүхдүүд шиг байсан
- 2:14 Үйл 17:5
- 2:15 Үйл 9:23,29, 13:45,50, 14:2,5,19, 17:5,13, 18:12