Бурханд таалагдах амьдрал

4 1 Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бурханд таалагдах талаар биднээс сурснаараа мөн та нар үнэхээр тийнхүү явдагчлан, улам илүү болоорой гэж бид Эзэн Есүс дотор гуйн ятгаж байна. 2 Учир нь бид Эзэн Есүсээр та нарт ямар тушаалууд өгснийг та нар мэднэ. 3 Бурханы хүсэл нь та нарын ариусал бөгөөд тэр нь юу гэвэл, та нар садар самууныг цээрлэж, 4 хүн бүр ариусал хийгээд хүндэтгэл дотор өөрийн биеийг хэрхэн хянахааa мэдэж, 5 Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд автахгүй байх явдал юм. 6 Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм. 7 Учир нь Бурхан биднийг бузар булай байдалд бус харин ариусалд дуудсан билээ. 8 Тиймд хэн үүнээс татгалзана, тэр нь хүнийг бус, харин та нарт Ариун Сүнсээ өгдөг Бурханаас татгалзаж байна.
9 Харин ах дүүсийн хайрын талаар та нарт бичих хэрэггүй аж. Учир нь та нар бие биеэ хайрлахыг Бурханаар заалгажээ. 10 Үнэндээ та нар Македон даяар байгаа бүх ах дүү нараа хайрладаг. Тиймээс ах дүү нар аа, үүндээ улам илүү бялхахыг та нараас гуйя. 11 Бидний тушаасанчлан, төвшин амьдрахыг хичээж, өөрийн ажилд анхаарч, [өөрийн] гараар ажиллахыг эрмэлз. 12 Ингэснээр та нар гаднынхны өмнө зохистой явах бөгөөд ямар ч юмаар дутахгүй.

Эзэний ирэлт

13 Ах дүү нар аа, нойрсогчдын талаар мэдэхгүй байхыг чинь бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар итгэл найдваргүй бусад хүмүүс шиг гашуудах вий. 14 Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт бид итгэдэг. Тийнхүү Бурхан маань Есүсийн дотор нойрсогсдыг Түүнтэй хамт авчрах болно.
15 Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдэх бид нойрсогчдын өмнө орохгүй.* 16 Учир нь, тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр Эзэн Өөрөө тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. 17 Дараа нь амьд үлдэх бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. 18 Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.


  •  a4:4 Зарим гар бичмэлд: эхнэртэйгээ хэрхэн амьдрахаа
  • 4:15–17 1Ко 15:51–52