5 1 Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих шаардлагагүй. 2 Учир нь Эзэний өдөр нь шөнө ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө сайн мэднэ.* 3 Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй. 4 Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. 5 Учир нь та нар бүгд гэрлийн хөвгүүд, өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх ч, харанхуйнх ч биш. 6 Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. 7 Учир нь унтагсад шөнө унтдаг, согтуурагчид шөнө согтдог. 8 Харин бид өдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга өмсөж, саруул ухаантай байцгаая.* 9 Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулжээ. 10 Биднийг сэрүүн ч бай, унтсан ч бай Өөртэйгөө хамт амьд байлгахын тулд Тэр бидний төлөө үхсэн юм. 11 Тиймээс та нар үйлддэг шигээ нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ босгон байгуулагтун.
Төгсгөлийн уриалга, мэндчилгээ ба залбирал
12 Ах дүү нар аа, та нарын дунд зүтгэн ажиллаж, Эзэн дотор та нарыг удирдан, зааж зааварладаг хүмүүсийг хүндэлж, 13 зүтгэлийнх нь төлөө та нар тэднийг хайр дотор өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Өөр хоорондоо эв найртай бай. 14 Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна. 15 Хэн ч хэн нэгний мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биеийнхээ төлөө бас бүгдийн төлөө сайныг үйлдэхээр тэмүүл.
16 Үргэлж баяртай бай. 17 Тасралтгүй залбир. 18 Бүх зүйлд таларх. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурханы хүсэл мөн. 19 Сүнсийг бүү бөхөө. 20 Эш үзүүллэгийг бүү басамжил. 21 Харин бүхнийг шалга, сайнаас зуур. 22 Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.
23 Амар тайвны Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай. 24 Та нарыг Дуудагч нь итгэмжит бөгөөд Тэр үүнийгээ биелүүлэх болно.
25 Ах дүү нар аа, бидний төлөө ч залбир.
26 Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй. 27 Энэ захидлыг бүх ах дүү нарт уншиж өгөхийг би та нараас Эзэнээр захиж байна.
28 Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.
- 5:2 Мт 24:43; Лк 12:39; 2Пт 3:10
- 5:8 Иса 59:17; Еф 6:13–17