3 1 Тиймээс бид цаашид тэвчихээ больж, өөрсдөө Афинд үлдэхээр шийдэж,* 2 Христийн сайнмэдээн доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо явуулахдаа итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ. 3 Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Учир нь бид үүний тулд л заяагдсан гэдгийг та нар өөрсдөө мэднэ. 4 Та нартай хамт байхдаа бид зовлон эдлэхээ урьдчилан хэлж байсан бөгөөд тэр ёсоор болсныг та нар мэдэж байгаа. 5 Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр зүтгэл хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр түүнийг илгээсэн юм.

Тимотын урамтай мэдээ

6 Харин Тимот саяхан та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг харахыг хүсдэг гэсэн сайхан мэдээг дуулгав.* 7 Тиймээс ах дүү нар аа, бид бүх гачигдал, зовлон дундаа та нарын итгэлээр, та нараар тайтгарлаа. 8 Хэрэв та нар Эзэний дотор бат зогсвоос эдүгээ бид амьд байна. 9 Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд бид ямар талархлыг та нарын төлөө Бурханд өргөж чадах вэ? 10 Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна.
11 Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар дээр очих замыг маань залах болтугай. 12 Эзэн та нарыг хайраар бялхаан дүүргэж, бид та нарыг хайрладаг шиг та нар ч бие биеэ төдийгүй хүн бүрийг хайрлах болтугай. 13 Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээa хамт ирэхдээ бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын зүрхийг ариун чанар дотор гэм зэмгүй гэж батална. [Амен].


  • 3:1 Үйл 17:15
  • 3:6 Үйл 18:5
  • a3:13 эсвэл бүх тэнгэрэлчтэйгээ