Харгалзагчдын чадвар
3 1 Энэ бол итгэмжит үг. Хэрэв хэн нэг нь харгалзагч болохыг эрмэлзэж байгаа бол тэр хүн сайн ажлыг хүсэж байна. 2 Тиймээс харгалзагч нь гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр,a хэрсүү ухаантай, биеэ барьдаг, хүндлэл хүлээсэн, зочломтгой ба заах чадвартай,* 3 дарсанд үл шимтэгч, зодоонч биш, харин дөлгөөн, хэрүүлч бус, мөнгөнд шуналгүй, 4 өөрийн гэрийг сайн захирдаг, бүрэн хүндлэгдэн хүүхдүүдээ захирдаг байх ёстой. 5 Хэрэв хэн нэгэн өөрийн гэрийг захирч мэдэхгүй бол хэрхэн Бурханы чуулганыг халамжлах билээ? 6 Шинэ итгэгч байж болохгүй. Эс бөгөөс биеэ тоон диаволын ялд унах вий. 7 Тэрээр буруутгалд хийгээд диаволын урхинд унахгүйн тулд гадна байгсдын зүгээс сайн гэрчлэлтэй байх ёстой.
Чуулганы үйлчлэгчдийн чадвар
8 Үүнчлэн үйлчлэгчид хүндтэй, хоёрдмол үгтэй бус, дарсанд шунадаггүй, эдийн шуналгүй, 9 итгэлийн нууцыг цэвэр мөс чанараар сахидаг байх ёстой. 10 Эхлээд тэд шалгагдаг. Тэгээд гэм зэмгүй аваас үйлчлэг. 11 Түүнчлэн эмэгтэйчүүдb хүндтэй, гүтгэгч бус, тэвчээртэй, аливаад итгэмжтэй байх ёстой. 12 Үйлчлэгч нь нэг эхнэрийн нөхөр,ъ хүүхдүүдээ болон гэр бүлээ сайн захирдаг хүн байг. 13 Учир нь онц үйлчилсэн нь сайн байр суурийг олдог бөгөөд Христ Есүс дэх итгэлдээ үлэмж зоригийг олж авдаг.
Бидний итгэл сүсгийн нууц
14 Удахгүй чам дээр очно гэж найдан, эдгээрийг би бичиж байна. 15 Хэрэв би саатвал, үнэний багана ба суурь болсон амьд Бурханы чуулган болох Бурханы гэр бүл дотор хэрхэн биеэ авч явах учиртайг чи мэдэх ёстой. 16 Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй.
Махбодоор илчлэгдсэн Тэр
Сүнс дотор зөвтгөгдсөнd.
Тэнгэрэлч нарт үзэгдсэн
Үндэстнүүдэд тунхаглагдсан.
Ертөнцөд итгэгдсэн
Сүр алдраар дээш авагдсан.
- a3:2 эсвэл нэг удаа л гэрлэсэн
- 3:2–7 Тит 1:6–9
- b3:11 Зарим гар бичмэлд: тэдний эхнэрүүд эсвэл эмэгтэй туслагчид
- c3:12 эсвэл нэг удаа л гэрлэсэн
- d3:16 эсвэл илчлэгдсэн ба сүнслэг байдлаар зөвтгөгдсөн