6 1 Боолын ёсоор буулган дор байгаа бүгд өөрсдийн эздийг хүндэлбэл зохистой хэмээн үз. Тэгснээр Бурханы нэр ба сургаал муу хэлэгдэхгүй. 2 Итгэгч эзэнтэй боолууд нь эзнийгээ ах дүү гээд хүндлэхгүй байж болохгүй. Харин ч бүр илүү үйлчил. Яагаад гэвэл үр ашгийг нь хүртэгчид нь хайрлагдагсад ба итгэгчид шүү дээ.

Худал сургаал ба жинхэнэ баялаг

Эдгээрийг заа, ятган сэнхрүүл. 3 Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн дагуух сургаалыг эс дагаваас, 4 тэрээр бардам, юу ч ойлгодоггүй, харин сөргөлдөөн, үгийн талаарх маргаанаар өвчилсөн хүн аж. Эдгээрээс атаархал, хэрүүл, гүтгэлэг болон сэжиглэгч хорт таамаг, 5 ялзарсан санаа, үнэнээс хагацсан, итгэл сүсгийг ашиг олох хэрэгсэл гэж боддог хүмүүсийн байнгын маргаан гардаг байна. 6 Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал агуу ашиг мөн. 7 Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч явж чадахгүй. 8 Хэрэв хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. 9 Харин баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлага ба урхи, зүсэн бүрийн мунхаг, хор хөнөөлтэй хүсэлд унадаг. Эдгээр нь хүмүүсийг үгүйрэл ба сүйрэлд живүүлдэг. 10 Учир нь мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Шунасан зарим нь итгэлээсээ төөрч, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэжээ.

Итгэлийн сайн тэмцэл

11 Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, сүсэглэл, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. 12 Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл үзүүлсэн. 13 Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.* 14 Бидний Эзэн Есүс Христийг үзэгдэх хүртэл чи тушаалыг алдаагүй, гэм зэмгүйгээр сахь. 15 Ерөөлт бөгөөд цор ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн цагт нь үүнийг харуулна. 16 Зөвхөн Түүнд л үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор Тэр оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.
17 Энэ үеийн баячуудад “Биеэ бүү тоо, эд хөрөнгийн тогтворгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнийг арвинаар хангагч Бурханд найд” хэмээн чи тушаа. 18 Сайныг үйлдэж, сайн үйлсээр баян, өглөгч бөгөөд хуваалцах хүсэлтэй бай хэмээн тушаа. 19 Ингэснээр тэд ирээдүйнхээ төлөө өөрсдөдөө сайн суурь тавин эрдэнэсийг хурааж, жинхэнэ аминаас зуурах юм.

Хувийн зааварчилгаа ба ерөөлийн залбирал

20 Тимот оо, чамд хариуцуулсныг хамгаал. Олиггүй хоосон ярианаас хийгээд “мэдлэг” гэгдсэн хуурмаг нэртэй тэрс онолоос зайлсхий. 21 Зарим нь үүнийг зөвшөөрснөөр итгэлээсээ төөрсөн.
Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.


  • 6:13 Иох 18:37