Худал даяанчлал

4 1 Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхин, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн сургаалд автагдана гэж Сүнс тодорхой хэлдэг. 2 Тэд мөс чанараа хуйхлуулаад хоёр нүүр гарган худал ярьж, 3 гэрлэхийг хориглодог мөн итгэгчид болон үнэнийг мэдэгсдэд талархалтайгаар хүртэг хэмээн Бурханы бүтээж өгсөн хоол хүнсийг цээрлэхийг албаддаг. 4 Бурханы бүтээл бүр сайн. Тэдгээрийг талархалтайгаар хүлээн авсан бол татгалзах зүйл гэж үгүй. 5 Учир нь энэ нь Бурханы үгээр ба залбирлаар ариусгагддаг.

Есүс Христийн сайн үйлчлэгч

6 Чи ах дүүсээ эдгээр зүйлсэд хандуулбал, итгэлийн үг ба дагаж буй эрүүл сургаалаараа тэжээгдсэн, Христ Есүсийн сайн үйлчлэгч болно. 7 Харин олиггүй яриа, эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул. 8 Учир нь биеийн дасгал нь өчүүхэн тустай. Харин одоогийн болон ирэх амийн төлөөх амлалт бүхий итгэл сүсэг нь бүх зүйлд тустай. 9 Энэ нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөх зохист үг мөн. 10 Учир нь бид үүний төлөө ихэд шаргуу зүтгэн, тэмцдэг.a Яагаад гэвэл бүх хүний, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурханд бид найддаг.
11 Эдгээрийг тушаа, заа. 12 Хэн ч чамайг залуу хэмээн бүү басамжлаг. Харин чи итгэгчдэд үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариунаараа үлгэр дуурайл бол. 13 Намайг очтол Бичвэрийн уншлага, ятгалга ба сургаалдаа анхаар. 14 Ахлагчид чам дээр гар тавихад эш үзүүллэгээр дамжин чамд соёрхогдсон бэлгийг бүү үл хайхар. 15 Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий байхын тулд эдгээрт санаа тавьж өөрийгөө зориул. 16 Өөртөө ба сургаалдаа анхаар. Эдгээрт туйлбартай бай. Ингэснээр чи өөрийгөө болон сонсогчдоо хэн хэнийг нь аварна.


  • a4:10 Зарим гар бичмэлд: тайвшруулагддаг