Иона ном нь Библид байгаа бусад эш үзүүллэгийн номтой адилгүй бөгөөд Бурханы тушаалд дуулгаваргүй загнасан эш үзүүлэгчид тохиолдсон явдлыг хүүрнэл хэлбэрээр дүрсэлжээ. Бурхан, түүнд Израилын заналт дайсан Ассирийн хаант улсын нийслэл Ниневе рүү явахыг тушаасан ч Иона тийш очиж Бурханы мэдээг дамжуулахыг хүссэнгүй. Хэд хэдэн хэргийн дараа эш үзүүлэгч тийш явсан бөгөөд эцэст нь түүний дамжуулсан мэдээ биелээгүйд дурамжхан аашилдаг билээ.
Бурхан аугаа их эрх хүч, мэдэлтэй боловч энэрэл хайр уучлалын Бурхан тул Өөрийнх нь ард түмэнд дайсагнагчдыг ч шийтгэн устгахаас хайрлахыг илүү чухалчилдаг гэдгийг харуулжээ.
Иона бултахаар оролдов
1 1 ЭЗЭНий үг Амиттаин хүү Ионад ирж*
— 2 Босоод, их хот Ниневе рүү очиж, түүний эсрэг хашхир. Учир нь ёрын муу нь өмнө минь өгсөж ирэв гэж айлдав. 3 Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш руу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш руу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш руу тэдний хамт явахаар суув. 4 Гэтэл ЭЗЭН, далай руу их салхи илгээн далай дээр хүчит шуурга босгож, хөлөг онгоцыг сүйрэхэд хүргэв. 5 Тэгэхэд далайчид айж, хүн бүр бурхнаа дуудаж, хөлөг онгоцоо хөнгөн болгохын тулд дээрх ачаа тээшийг нь далайд хаяжээ. Харин Иона хөлөг онгоцны доод хэсэгт орж хэвтээд, гүн нойрссон байв. 6 Хөлөг онгоцны ахмад Ионагийн дэргэд ирж
—Чи яагаад унтаж байгаа юм? Босож, бурхнаа дууд! Тэр бурхан чинь бидэнд санаа тавивал бид сөнөхгүй байж магад гэж хэлэв. 7 Хүмүүс бие биедээ
—Нааш ир, бидэнд энэ гай хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр буулаа. 8 Тэд Ионад
—Одоо бидэнд хэл! Хэнээс болж бидэнд энэ гай ирэв? Чи юу хийдэг хүн бэ? Чи хаанаас ирэв? Улс орон чинь аль вэ? Чи хаанахын ямар үндэстэн бэ? гэлцэв. 9 Иона тэдэнд
—Би еврей хүн. Далай ба хуурай газрыг бүтээсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭНээс би эмээдэг юм гэлээ. 10 Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд
—Чи яах гэж ингэв?a гэжээ. Иона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж явааг мэджээ. 11 Далай улам хүчтэй шуурсан учир тэд түүнд
—Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв. 12 Иона тэдэнд
—Намайг барьж аваад, далайд хая. Тэгвэл та нарын төлөө далай намжина. Учир нь та нар дээрх энэ хүчтэй шуурга надаас болж байгааг би мэднэ гэж хэлэв. 13 Хүмүүс газар луу буцах гэж хүчтэй сэлүүрдсэн боловч чадсангүй. Учир нь далай тэдний эсрэг улам хүчтэй шуурчээ. 14 Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч
—ЭЗЭН болгоо, биднийгээ болгоож, энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй нэгний цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та тааллаараа хийсэн гэв. 15 Ингээд тэд Ионаг барьж аваад далайд хаясанд далай догшрохоо болилоо. 16 Тэгэхэд хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн ЭЗЭНд тахил өргөж бас ам өчиг өгөв.
17 ЭЗЭН, Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн аж. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.*
- 1:1 2Ха 14:25
- a1:10 эсвэл Чи юунд зугтав?
- 1:17 Мт 12:40