Бага Азийн Ефесээс зүүнтээх Колоссай хотын чуулганд элч Паул энэхүү захидлыг бичжээ. Ром гүрний Ази дахь мужийн төв хот болох Ефесээс тэрээр хүмүүс явуулан энэ чуулганыг байгуулсан бөгөөд өөрийгөө энэ бүс нутгийг хариуцах учиртай хэмээн үздэг байсан юм.
Бурханыг мэдэж бүрэн аврал олохын тулд зарим нэг сүнслэг хүч эрх мэдлүүдэд хүндэтгэл, мөргөл өргөх ёстой гэж шаарддаг хуурамч багш нар Колоссайн чуулганд гарсныг Паул олж мэджээ. Тэд итгэгчдийг хозлол, хоол хүнс бусад зүйлстэй холбоотой заавал сахих хатуу дүрмүүдэд захирагдах ёстой гэж зааж байв.
Паул эдгээр сургаалыг эсэргүүцэхийн хамтаар жинхэнэ христитгэлийн талаарх ойлголтыг энэ захидалдаа бичсэн байна. Есүс Христ л бүрэн аврал өгөх чадалтай ба энэ мэт өөр сүсэг, оролдлогууд нь итгэгчдийг Есүсээс гарцаагүй холдуулахад хүргэх талаар мөн Христээр дамжуулан Бурхан дэлхийг бүтээсэн ба Түүгээр дамжуулан өөртөө эргүүлэн авах тухай бас энэ дэлхий дээр зөвхөн Христтэй нэгдсэн нэгдлээр л аврал олох найдвар бий тухай санаанууд нь Паулын илэрхийллийн амин сүнс юм. Итгэгчдийн амьдралд хандсан энэхүү агуу сургаалын далд санааг Паул ийн нарийн тайлбарлажээ.
Тухик эл захидлыг Колоссайд хүргэхдээ Онесимыг дагуулан явсан нь тэмдэглүүштэй сонин бөгөөд Паул түүний төлөө Филемонд хандан захидал бичиж байсан юм.
Мэндчилгээ
1 1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул болон дүү Тимотоос, 2 Колоссайд буй ариун хүмүүст буюу Христ дэх итгэлт ах дүү нарт. Бидний Эцэг Бурханаас нигүүлсэл, амар амгалан нь та нарт байх болтугай.
Паул колоссайчуудын төлөө Бурханд талархав
3 Бид та нарын төлөө залбирахдаа бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд үргэлж талархдаг. 4 Учир нь Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүмүүсийн төлөөх хайрын чинь талаар бид сонссон. 5 Энэ нь тэнгэрт та нарт зориулан хадгалагдсан найдварын учир ажээ. Энэ найдварыг та нар урьд нь сайнмэдээ болох үнэний үгээс сонссон. 6 Сайнмэдээ нь та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж, үр жимс ургуулж байгаа агаад Бурханы нигүүлслийг сонсоод, үнэхээр ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн та нарын дунд ч бас ургуулж байна. 7 Үүнийг та нарын төлөө үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч бөгөөд бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас та нар бас суралцсан.* 8 Тэрээр Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд мэдүүлсэн юм.
9 Тиймээс бид сонссон өдрөөсөө хойш та нарын төлөө зогсолтгүй залбирахдаа та нарыг бүх сүнслэг мэргэн ухаан хийгээд ойлголт дотор Түүний хүслийн мэдлэгээр бялхаасай, 10 мөн та нар Эзэний өмнө зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөөсэй хэмээн гуйдаг. 11 Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу та нар бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхнийг тэсвэрлэн тэвчиж, 12 гэрэл доторх ариун хүмүүсийн өвийг хуваалцах боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. 13 Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. 14 Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.*
Христийн дээд эрх мэдэл
15 Тэр бол үл үзэгдэгч Бурханы дүр бөгөөд бүх бүтээлийн дээрх Ууган нь мөн. 16 Учир нь Түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, тухайлбал үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, ноёрхлууд, удирдлагууд, эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс Түүгээр болон Түүний төлөө бүтээгдсэн байна. 17 Тэр бүх юмсын урьд байна. Бүх юмс Түүгээр оршин тогтнодог. 18 Тэрээр бие болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл, үхэгсдийн амиллын Ууган нь мөн. Энэ нь Тэр Өөрөө бүх юмсын тэргүүн болохын тулд болой.* 19 Учир нь Түүний дотор бүхий л бүрэн дүүрэн оршихыг Бурхан таалсан бөгөөд 20 Түүний загалмайн цусаар амар амгаланг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх эсвэл тэнгэр дэх бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлсэн.*
21 Хэдийгээр урьд нь та нар ёрын үйлсийг үйлдэж, хөндийрсөн бөгөөд дайсагнасан сэтгэлтэй байсан боловч 22 одоо бол Тэрээр махбодынхоо үхлээр эвлэрүүлж, өмнөө та нарыг ариун, өө сэвгүй бөгөөд гэм зэмгүй болгосон. 23 Тиймээс та нар итгэл дотроо үргэлжлүүлэн тогтвортой, бат зогсож, сонссон сайнмэдээнийхээ найдвараас уначихгүй байх ёстой. Энэхүү сайнмэдээ нь тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдаж, Паул би үүний үйлчлэгч болсон билээ.
Колоссайчуудад Паулын хүсэл
24 Одоо би та нарын төлөө зовохдоо баяртай байна. Түүний бие болох чуулганы төлөө Христийн зовлонд юу дутаж буйг би махбоддоо нөхдөг. 25 Бурханы үгийг таниулахын тулд та нарын төлөө Бурханаас надад соёрхсон үүргийн дагуу би үйлчлэгч нь болсон юм. 26 Тэрхүү нууц нь эрин үе ба үеүдээс нууцлагдаж байсан боловч одоо ариун хүмүүст илчлэгджээ. 27 Бурхан, харийнхан дунд энэхүү нууцын алдрын баялаг гэж юу болохыг мэдүүлэхийг хүссэн юм. Энэ нь та нарын дотор буй алдрын найдвар болох Христ юм. 28 Бид хүн бүрийг Христэд төгс болгохын тулд бүхий л мэргэн ухаанаар хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна. 29 Миний дотор хүчтэй нөлөөлөн ажилладаг Түүний хүч чадлаар би зүтгэн, үүний төлөө тэмцдэг.
- 1:7 Кол 4:12; Флм 23
- 1:14 Еф 1:7
- 1:18 Еф 1:22–23
- 1:20 Еф 2:16