Тахилч ба левичүүдийн бүртгэл

1 1 Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба Иешуатай хамт ирцгээсэн тахилчид, левичүүдийг тоочвол, Сераиа, Иеремиа, Езра, 2 Амариа, Маллух, Хаттуш, 3 Шеканиа, Рехум, Меремот, 4 Иддо, Гиннетои, Абиа, 5 Миамин, Маадиа, Билга, 6 Шемаиа ба Иоиариб, Иедаиа, 7 Саллу, Амок, Хилкиа ба Иедаиа нар юм. Эдгээр нь Иешуагийн өдрүүд дэх тахилч нарын удирдагчид ба тэдгээрийн төрөл садангууд байв.
8 Левичүүд нь Иешуа, Биннуи, Кадмиел, Шеребиа, Иуда болон талархлын дуунуудыг хариуцагч Маттаниа ба түүний ах дүү нар байв. 9 Мөн Бакбукиа болон Унни, тэдний ах дүү нар, үйлчлэх бүлгээрээ тэдний харалдаа зогсоцгоов. 10 Иешуа нь Иоиакимын эцэг болж, Иоиаким нь Елиашибын эцэг болж, Елиашиб нь Иоиадагийн эцэг болж, 11 Иоиада нь Ионатаны эцэг болж, Ионатан нь Иаддуагийн эцэг болсон юм. 12 Иоиакимын өдрүүдэд тахилчид, эцгүүдийн бүлийн тэргүүн нар нь Сераиагаас Мераиа, Иеремиагаас Хананиа, 13 Езрагаас Мешуллам, Амариагаас Иехоханан, 14 Маллухигаас Ионатан, Шебаниагаас Иосеф, 15 Харимаас Адна, Мераиотоос Хелкаи, 16 Иддогоос Зехариа, Гиннетоноос Мешуллам, 17 Абиагаас Зихри, Миниаминаасa, Моадиагаас Пилтаи, 18 Билгагаас Шаммуа, Шемаиагаас Иехонатан, 19 Иоиарибаас Маттенаи, Иедаиагаас Уззи, 20 Саллаигаас Каллаи, Амокаас Ебер, 21 Хилкиагаас Хашабиа, Иедаиагаас Нетанел нар байв.
22 Левичүүдийн хувьд, эцгүүдийн бүлийн тэргүүн нар нь Елиашиб, Иоиада, Иоханан ба Иаддуагийн өдрүүдэд бүртгэгдсэн байв. Мөн тахилчид нь Персийн Дариусын хаанчлалын үед бүртгэгдсэн байлаа. 23 Левийн хөвгүүд, эцгүүдийн бүлийн тэргүүн нар нь Елиашибын хөвгүүн Иохананы өдрүүдийг хүртэл Шастирын номд бүртгэгдсэн байв. 24 Левичүүдийн удирдагчид нь Хашабиа, Шеребиа, Кадмиелын хөвгүүн Иешуа нар тэдний харалдаа ах дүүстэйгээ хамт Бурханы хүн Давидын зааварласан ёсоор бүлэг бүлгээрээ харилцан магтаал, талархал өргөхөөр болов. 25 Маттаниа ба Бакбукиа, Обадиа, Мешуллам, Талмон, Аккуб нар гулдан хаалгануудын агуулахуудыг манах хаалгачид байв. 26 Эдгээр нь Иозадакийн ач, Иешуагийн хүү Иоиакимын өдрүүдэд болон захирагч Нехемиа, тахилч, гүүш Езрагийн өдрүүдэд үйлчилж байв.

Хэрмийг ЭЗЭНд өргөв

27 Йерусалимын хэрмийн зориулах ёслол дээр цан, босоо ятга, хуур хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Йерусалимд авчрав. 28 Дуучдын хөвгүүдийг Йерусалимын орчмын дүүргээс болон Нетофатчуудын тосгодоос цуглуулав. 29 Мөн Бет-Гилгалаас, Геба ба Азмавет дахь талбайнуудаас нь цуглуулав. Учир нь дуучид Йерусалимын эргэн тойронд өөрсдөдөө тосгод байгуулжээ. 30 Тахилчид ба левичүүд өөрсдийгөө ариусгав. Тэд мөн ард түмнийг бас гулдан хаалгануудыг болон хэрмийг ариусгав.
31 Тэгээд би Иудагийн удирдагчдыг хэрмийн оройд гаргаад, найрал дууны хоёр том хэсгийг томилсон. Нэгдүгээрх нь хэрмийн оройд баруун тийш Хаягдалын гулдан хаалганы зүг явав.b 32 Хошаиа болон Иудагийн удирдагчдын хагас нь тэднийг дагалдаж 33 Азариа, Езра, Мешуллам, 34 Иуда, Бениамин, Шемаиа, Иеремиатай хамт 35 тахилч нарын зарим хөвгүүд бүрээ барин явж, Асафын хүү Заккурын тач, Микаиагийн дөч, Маттаниагийн гуч, Шемаиагийн ач, Ионатаны хүү Зехариа 36 ба түүний садангууд, Шемаиа, Азарел, Милалаи, Гилалаи, Мааи, Нетанел, Иуда ба Ханани нар Бурханы хүн Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж явав. Езра гүүш тэдний өмнө явав. 37 Оргилуурын гулдан хаалганы дэргэд тэд Давидын хотын шатаар чигээрээ дээш гарч, хэрмийн шатаар Давидын байшингийн дээгүүр зүүн зүгт Усны гулдан хаалга руу явав.
38 Найрал дууны хоёр дахь хэсэг нь зүүн тийш хөдөлсөн ба би хүмүүсийн хагастай нь хамт тэднийг хэрмэн дээгүүр дагаж, Зуухнуудын цамхаг дээгүүр Өргөн хэрэм рүү, 39 Ефраимын гулдан хаалга дээгүүр, Хуучин гулдан хаалга, Загасны гулдан хаалга, Хананелын цамхаг ба Зуутын цамхгаар дамжин, Хонины гулдан хаалга хүртэл яваад Харуулын гулдан хаалган дээр зогсоцгоов. 40 Тэгээд найрал дууны хоёр хэсэг Бурханы өргөөнд байраа эзэлцгээв. Түшмэдийн хагас нь надтай хамт байлаа. 41 Мөн бүрээтэй тахилчид болох Елиаким, Маасеиа, Миниамин, Микаиа, Елиоенаи, Зехариа ба Хананиа, 42 Маасеиа, Шемаиа, Елеазар, Уззи, Иехоханан, Малхиа, Елам ба Езер нар бас тийнхүү зогсов. Дуучид удирдагч Иезрахиатайгаа хамт дууллаа. 43 Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөж ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлалдаж байлаа. Тиймээс Йерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.

Сүмийн үйлчлэлүүд

44 Тахилчид ба левичүүдэд хуулиар өгөгдөх хувь ногдлуудыг хотуудын тариан талбайнуудаас тэнд цуглуулахын тулд тэр өдөр агуулах өрөөнүүд, хандивууд, анхны үр жимс, аравны нэгийг хариуцах хүмүүсийг мөн томилов. Тэнд үйлчилж буй тахилчид ба левичүүдэд иудачууд талархав. 45 Учир нь тэд Давид болон түүний хүү Соломоны тушаалын дагуу дуучид ба хаалгачидтай хамт Бурханы мөргөлийг ба ариусгалын үйлчлэлийг гүйцэтгэсэн юм.* 46 Учир нь эрт үед Давид болон Асафын өдрүүдэд магтаалын дуунууд, Бурханд өргөх талархлын магтуунуудын удирдагчид байдаг байсан. 47 Тиймээс Зеруббабел болон Нехемиагийн өдрүүдэд бүх израилчууд нь дуучид ба хаалгачдад өдөр бүрийн шаардлагатай хэмжээгээр нь хувь ногдлыг өгч, левичүүдэд зориулсан, ариусгасан хувийг тусгаарласан бөгөөд мөн левичүүд ч Аароны хөвгүүдэд зориулан ариусгасан хувийг бас тусгаарлав.


  • a12:17 Эх бичвэртээ энэ нэр байхгүй.
  • b12:31 Хотын хэрмийн баруун өмнөд талаас хоёр хэсэг болон салж яваад хотын зүүн хойд хэсэг дэх ЭЗЭНий өргөөний өмнө уулзсан байна.
  • 12:45 1Шс 25:1–8, 26:12