Нехемиа дарангуйллыг эсэргүүцэв

5 1 Ард иргэд ба тэдний эхнэрүүд, иудей ахлагч нарынхаа талаар эсэргүүцэн хашхиралдав. 2 Нэг хэсэг нь “Бид хөвгүүд, охидтойгоо нийлээд олуул билээ. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авах шаардлагатай” гэж байхад, 3 нөгөөдүүл нь “Өлсгөлөнгийн үеэр, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн талбай, байшингуудаа барьцаалж байна” гэж байв. 4 Мөн “Бидний тариан талбай, усан үзмийн талбайд оноогдсон хааны татварыг төлөхийн тулд мөнгө зээлсэн. 5 Бие махбод маань бидний ахлагч нарын бие махбодтой адил, хүүхдүүд маань тэдний хүүхдүүдтэй адил бус уу. Гэсэн ч харцгаа, бид болохоор хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байна. Бид яаж ч чадахгүй байгаа. Учир нь тариан талбай, усан үзмийн талбай маань бусдынх болжээ” гэж хэлэгсэд ч байв.
6 Тэднийхээ энэ эсэргүүцэн хашхирах дууг болон эдгээр үгийг сонсоод миний уур ихэд хүрэв. 7 Тэгээд би өөрөө үүнийг сайтар бодоод, сурвалжтанууд ба түшмэдэд
—Ах дүүсээсээ хүү шаардах ч гэж дээ! хэмээн зэмлэж, тэдний эсрэг их чуулааныг би зарлав.* 8 Би тэдэнд
—Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүс нараа чадах чинээгээрээ төлөөс гарган чөлөөлсөн атал та нар ах дүүсээ өөрсдийнхөндөө худалдаж байна гэнэ үү? Тэгээд бидний хэн нь хэндээ төлөөс төлөн тэднийг чөлөөлөх болж байна гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй. 9 Би дахин
—Та нарын энэ хийж буй зүйлд чинь сайн юм алга. Та нар дайснуудынхаа болон үндэстнүүдийн дарлалд орох гээ юү. Үүнээс л мултрахын тулд Бурханаас эмээж амьдрах ёстой бус уу? 10 Харин би миний ах дүү нар болон үйлчлэгч нар минь ч бас тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байна. Бүгдээрээ энэ өрөө нэхэхээс тэднийг чөлөөлцгөөе. 11 Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн талбай, чидуны цэцэрлэг болон байшингуудыг нь тэдэнд буцааж мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны, тосны өрийгa бүү нэх гэж хэлэв. 12 Тэгэхэд тэд
—Бид үүнийг буцааж өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэн ёсоор хийнэ гэв. Тиймээс би тахилчдыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав. 13 Би мөн хувцасныхаа хормойг сэгсэрч,b
—Энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь Бурхан ийнхүү сэгсрэг. Тэр хүн ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган
—Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтлаа. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.

Нехемиагийн өгөөмөр сэтгэл

14 Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксын хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш миний бие болон манай хамаатнууд ч захирагчийн хүнс хангамжаа хүртэл идсэнгүй. 15 Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээсc дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй. 16 Чухамдаа би энэ хэрмийн ажилд бүх хүчээ зориулан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд бүх зарц нар минь тэнд ажиллахаар цугласан юм. 17 Түүнээс гадна, эргэн тойронд маань байсан үндэстнүүд дотроос бидэн рүү ирэгсэд болон зуун тавин иудей хүн, бас түшмэд миний ширээнд хооллодог байв. 18 Би хувиасаа өдөр бүрийн хүнсэнд нэг үхэр, зургаан шилмэл хонь гаргаж байсан төдийгүй, мөн шувуудыг бэлтгүүлдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг тулам тулмаар өгч байв. Энэ ард түмний дээрх боолчлол хангалттай хүнд байсан учир энэ бүхэнд би захирагчийнхаа хүнсний ногдлыг шаардаж байгаагүй билээ. 19 Энэ ард түмэнд хийсэн бүхий л зүйлийн минь төлөө Бурхан минь, надад сайныг санаач.


  • 5:7 Гэт 22:25; Лев 25:35–37; Дх 23:19–20
  • a5:11 өр Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • b5:13 хормой сэгсрэх: Тэр үеийн хувцсанд халаас байгаагүй учир жижигхэн уут хавчуулсан даавуун бүс зүүдэг байжээ. Тиймээс хормойгоо сэгсрэх нь бүх зүйлээ алдаж байгаа гэсэн утгатай.
  • c5:15 ЭЗО: өдөрт Эх бичвэртээ энэ үг байхгүй.