Харийнхныг гаргав

13 1 Тэр өдөр тэд Мосегийн номоос ард түмний сонорт чангаар уншив. Нэг ч аммон эсвэл моаб хүн Бурханы чуулганд орж болохгүй гэж түүнд бичигдсэнийг оллоо.* 2 Учир нь тэд Израилын хөвгүүдийг талх устай угтсангүй, харин ч тэднийг хараалгахаар Балаамыг тэдний эсрэг хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм.* 3 Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилаас гаргав.

Нехемиагийн шинэчлэл

4 Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Елиашиб нь Тобиагийн садан учир 5 урьд нь левичүүд, дуучид, хаалгачид, болон тахилчдад өргөсөн хандив, идээн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын аравны нэг, дарс ба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. 6 Харин энэ бүх үеийн туршид би Йерусалимд байсангүй. Учир нь Вавилоны хаан Артаксерксынa гучин хоёрдугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би явах зөвшөөрөл хаанаас гуйв. 7 Тэгээд би Йерусалимд ирээд, Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгсөн муу үйлийг Елиашиб үйлдсэн тухай сонсов. 8 Би маш их уурлаж, тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаялаа. 9 Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өргөөний сав суулгыг идээн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт буцааж авчрав.
10 Мөн левичүүдийн хувь өөрсдөд нь өгөгдөөгүйгээс болж тэнд үйлчилдэг левичүүд ба дуучид өөр өөрсдийн тариан талбай руу явцгаасныг би олж мэдлээ.* 11 Тэгээд би түшмэдийг зэмлэн
—Бурханы өргөө яагаад орхигдов? гэв. Би тэднийг хамтад нь цуглуулж, албанд нь буцаан тавилаа. 12 Тэгээд бүх иудачууд үр тариа, дарс ба тосныхоо аравны нэгийг агуулахуудад авчирцгаав.* 13 Агуулахуудын даамлаар тахилч Шелемиа, гүүш Задок, левичүүдээс Педаиаг мөн тэдэн дээр нэмж Маттаниагийн ач, Заккурын хүү Хананыг би томилов. Учир нь тэд итгэмжтэй хэмээн тооцогддог байсан ба тэдний үүрэг нь ах дүү нартаа хувь хуваарилах ажил байв. 14 Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаарай!

Амралтын өдрийг сахих шинэчлэл

15 Тэр өдрүүдэд Иудад Амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурга гишгэж, ууттай үр тариа авчран, илжгэндээ дарс, усан үзэм, инжир болон бүх төрлийн ачаа ачаалан, Амралтын өдрөөр Йерусалимд авчирч зарж байгааг би үзэв. Тэр үед би тэдэнд хүнс зарж болохгүйг нь анхааруулав.* 16 Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас ба бүх төрлийн барааг гаднаас оруулж, тэднийгээ Иудагийн хөвгүүдэд, Йерусалимд ч хүртэл Амралтын өдрөөр зарж байв. 17 Тэгэхэд нь би Иудагийн язгууртнуудыг зэмлэн, тэдэнд
—Та нар Амралтын өдрийг бузарласан юу гэгчийн ёрын мууг үйлдэнэ вэ? 18 Танай эцгүүд энэ мэтийг үйлдсэн тул Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гай гамшгийг авчирсан биш үү? Гэтэл та нар Амралтын өдрийг эс ариусгаснаар Израил дээрх Түүний уур хилэнг нэмэгдүүлж байгаа бус уу? гэв. 19 Тэгээд Амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогцb Йерусалимын гулдан хаалгануудыг хааж, Амралтын өдөр өнгөртөл онгойлгохгүй байхыг би тушаав. Улмаар Амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг гулдан хаалганууд дээр байлгалаа. 20 Ганц, хоёр удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Йерусалимын гадна шөнийг өнгөрүүлж байв. 21 Тэгэхэд нь би тэдэнд анхааруулж
—Та нар яагаад хэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэв та нар дахиад ингэвэл, би та нарын эсрэг хүч хэрэглэнэ гэв. Тэр цагаас хойш тэд Амралтын өдөр ирсэнгүй. 22 Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалгануудыг манахаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг нигүүлсээч!

Харийнхантай урагласныг буруушаав

23 Тэр өдрүүдэд иудейчүүд Ашдод, Аммон ба Моабын эмэгтэйчүүдтэй гэрлэснийг би мөн үзэв.* 24 Тэдний хүүхдүүдийн хувьд, хагас нь Ашдодын хэлээр, эсвэл бусад ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч иуда хэлээр ярьж чадахгүй байв. 25 Тиймээс би тэднийг буруушааж, хараахыг нь харааж, цохихыг нь цохиж, үсийг нь зулгаан байж тэднийг Бурханаар тангараглуулаад
—Та нар охидоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй, тэдний охидыг ч хөвгүүддээ эсвэл өөрсдөдөө авах ёсгүй. 26 Израилын хаан Соломон эдгээр зүйлээр нүгэл үйлдээгүй гэж үү? Хэдийгээр олон үндэстнүүдийн дунд түүн шиг хаан байгаагүй бөгөөд тэрээр Бурханаараа хайрлагдан, Бурхан түүнийг бүх Израилын хаан болгосон боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн юм.* 27 Тэгэхэд та нар Бурхандаа үнэнч бус байж, харь эмэгтэйчүүдтэй гэрлэн энэ бүх үлэмж их бузар мууг үйлдсэн гэж бид та нарын тухай сонсох ёстой гэж үү? гэв.
28 Иехоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон байв. Тиймээс би түүнийг өөрөөсөө зайлуулсан юм.* 29 Бурхан минь, тэд тахилчлал ба тахилчлалын гэрээ болох левичүүдийн гэрээг бузарласныг нь санаач. 30 Ийнхүү би тэднийг харийн алив бүхнээс ариусгаж, тахилчид ба левичүүдийг өөр өөрийнх нь үүрэгт ажилд томилов. 31 Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоолоо. Бурхан минь, надад сайныг санаач!


  • 13:1–2 Дх 23:3–5
  • 13:2 Тоо 22:1–6
  • a13:6 Артаксеркс: Персийн эзэн хаан. Тэрээр мөн “Вавилоны хаан” гэсэн хэргэмтэй байжээ.
  • 13:10 Дх 12:19
  • 13:12 Мал 3:10
  • 13:15 Гэт 20:8–10; Дх 5:12–14; Иер 17:21–22
  • b13:19 Еврейчүүдийн хувьд, нар жаргаснаар дараагийн хоног эхэлдэг.
  • 13:23–25 Гэт 34:11–16; Дх 7:1–5
  • 13:26 2См 12:24–25; 1Ха 11:1–8
  • 13:28 Нех 4:1