Бүгд гэмшин улайв

9 1 Энэ сарын хорин дөрвөнд Израилын хөвгүүд цуглан мацаг барьж, тааран уут углаж, толгой дээрээ шороо цацав. 2 Израилын үр удмынхан өөрсдийгөө бүх гаднынхнаас тусгаарлан, зогсож, өөрсдийн нүгэл болон эцэг өвгөдийнхөө хилэнцийг улайв. 3 Байрандаа зогсож байх зуураа тэд ЭЗЭН Бурханыхаа хуулийн номоос өдрийн дөрөвний нэгийн туршид уншив. Тэгээд дараагийн дөрөвний нэгийн туршид тэд нүглээ улайн, ЭЗЭН Бурхандаа мөргөв.
4 Левичүүдийн тавцан дээр Иешуа, Бани, Кадмиел, Шебаниа, Бунни, Шеребиа, Бани болон Хенани нар зогсоод, ЭЗЭН Бурхандаа чанга дуугаар хашхирч байсан юм. 5 Тэгээд левичүүд, Иешуа, Кадмиел, Бани, Хашабнеиа, Шеребиа, Ходиа, Шебаниа болон Петахиа нар хэлцгээсэн нь

Босоцгоо, ЭЗЭН Бурханаа мөнхөөс мөнхөд магт!
Таны суу алдарт нэр магтагдаг,
Бүх алдар ба магтаалын дээр өргөмжлөгдөгч нь Та!
6 Өө, ЭЗЭН минь,
Та л ганц ЭЗЭН билээ.
Тэнгэр болон тэнгэрсийн тэнгэрийг түг түмдтэй нь,
Газар ба түүн дээрх бүхнийг,
Тэнгис төдийгүй түүний доторх
Бүхнийг бүтээсэн нь Та билээ.
Тэр бүхнийг амилуулсан нь Та билээ.
Тэнгэрийн түг түмдийг өмнөө мөргүүлэгч нь Та билээ.

7 Абрамыг сонгож,
Түүнийг халдеичуудын Ураас гаргаж,
Түүнд Абрахам гэдэг нэрийг өгсөн нь
ЭЗЭН Бурхан билээ.*
8 Түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олж хараад,
Канаанчууд болох хитчүүд, аморичууд,
Перизчүүд, иебусчууд, гиргашчуудын газруудыг
Түүнд ба түүний үр удамд өгөхөөр
Та гэрээг байгуулсан билээ.
Тиймээс Та амлалтаа биелүүлсэн билээ.
Зөвт Нэгэн минь* Та
9 Египетэд манай эцэг өвгөдийн зовлон зүдүүрийг үзэж*
Улаан тэнгисийн дэргэд тэдний орилолдохыг сонсоод,
10 Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт,
Түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн.
Учир нь тэд манай эцэг өвгөдөд дээрэлхүү хандахыг Та мэдсэн бөгөөд
Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө авсан.*

11 Та тэдний өмнө тэнгисийг хувааж,
Тэд тэнгисийн дундуур хуурай газраар өнгөрсөн.
Тэднийг нэхэгчдийг Та хүчит усанд чулуу хаях мэт гүн рүү чулуудсан*
12 Үүлэн баганаар Та тэднийг өдөр нь удирдаж,
Шөнө нь тэдний явах замыг галан баганаар гэрэлтүүлсэн.*
13 Тэгээд Та Синаи уулан дээр бууж ирэн,
Тэдэнтэй тэнгэрээс ярьсан.
Та тэдэнд шударга зарлиг ба үнэн хуулиудыг,
Сайн дүрэм ба тушаалуудыг өгсөн.*
14 Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж,
Зарц Мосегоороо дамжуулан
Тушаал, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.
15 Тэднийг өлсөхөд тэнгэрээс Та талхаар хангаж,
Тэднийг ундаасахад хаднаас ус Та гаргаж өгсөн.
Өгөхөөр тангарагласан газраа тэдэнд эзэмшүүлэхийн тулд
Өгсөж очихыг Та тэдэнд тушаасан.*

16 Өвөг эцгүүд маань харин давилуун загнаж
Өөдөөс тань зөрүүдлэн, тушаалуудыг тань сонсоогүй.*
17 Тэд сонсохоос татгалзаж,
Тэдний дунд үйлдсэн гайхамшигт үйлсийг тань санасангүй.
Тэгээд тэдний шил нь татаж, тэрсэлсээр
Египет дэх боолчлолдоо буцах гэж удирдагчийг томилсон.
Гэвч Та өршөөл уучлалын Бурхан,
Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан,
Хайр энэрлээр бялхам тул
Та тэднийг орхиогүй.*
18 Өөрсдөдөө тэд цутгамал тугал хийгээд
“Өө, та нарыг Египетээс гаргасан Бурхан чинь” гэж,
Аймшигт доромжлолыг үйлдсэн хэдий* ч
19 Агуу энэрлээрээ Та тэднийг цөлд орхиогүй.
Тэдний замыг заахын тулд
Үүлэн багана ч өдрөөр тэднийг орхисонгүй.
Тэдний явах замыг гэрэлтүүлэхийн тулд
Галан багана ч шөнөөр тэднийг орхисонгүй.*
20 Тэдэнд зааварчлахын тулд
Та сайн Сүнсээ өгчээ
Та маннагаа амнаас нь салгаагүй ажээ
Ундаасахад нь тэдэнд Та ус өгчээ.
21 Үнэхээр цөлд дөчин жилийн турш
Та тэднийг тэтгэсэн ба тэд гачигдаагүй.
Тэдний хувцас нь элэгдээгүй, хөл нь ч хавдаагүй.

22 Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч,
Хил хязгаараар нь тэдэнд хуваасан.
Хешбоны хаан Сихоны газрыг,
Башаны хаан Огийн газрыг тэд эзэлсэн.*
23 Та тэдний хөвгүүдийг тэнгэрийн одод мэт олон болгож,
Очиж, эзэмш гэж эцэг өвгөдөд нь айлдсан тэр газартаа
Та тэднийг оруулжээ.*
24 Тиймээс хөвгүүд нь тэр газарт орж,
Түүнийг эзэмшсэн.
Өмнөөс нь Та тэр газрын оршин суугч канаанчуудыг номхруулж,
Тааллаараа тэдэнд үйлдэг гээд Та тэднийг хаадтай нь,
Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгсөн.*
25 Бэхлэгдсэн хотууд ба үржил шимт газрыг тэд эзэлж,
Алив сайн бүхнээр дүүрэн байшингуудыг өмчлөн,
Зассан нөөцлүүрүүд, усан үзмийн талбай,
Чидуны цэцэрлэг, жимсний моддыг элбэг дэлбэгээр эзэмшжээ
Тиймээс идэцгээж, тээртлээ таргалцгааж,
Таны агуу сайн сайханд тань баясжээ.*

26 Гэвч тэд Танд тэрслэн тэрсэлсээр
Таны хуулийг ардаа орхисон.
Эргэж Тан руу ирүүлэхийн тулд өөрсдийг нь ятгасан
Эш үзүүлэгч нарыг тань тэд алж,
Аймшигт доромжлолыг үйлдсэн.*
27 Тиймээс тэднийг дарласан дарлагчдын гарт
Та тэднийг тушаасан.
Гэвч тэд зовлон шаналантай үедээ
Таныг дуудахад
Та тэнгэрээс сонсож,
Аугаа энэрлээрээ дарлагчдын гараас аврах
Аврагчдыг Та тэдэнд өгсөн.
28 Амсхиймэгцээ тэд дахиад л
Таны өмнө мууг үйлджээ.
Тиймээс Та тэднийг
Дайснуудынх нь гарт орхижээ.
Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов.
Тэд дахиад Таныг дуудахад
Та тэнгэрээс сонсож.
Энэрлээрээ тэднийг олон удаа аварч,
29 Тэднийг хуульдаа буцаан эргүүлэх гэж анхааруулсан ч,
Тэд давлиун хандаж,
Тушаалуудыг тань эс сонсон,
Зарлигуудын тань эсрэг нүглийг үйлдсэн.
Эдгээрийг сахиж мөрддөг хэн боловч
Эдгээрээр амьдрах бус уу.
Тэд зөрүүд мөрөө эргүүлж, шил нь татаад
Эс сонсож үл дагажээ.*

30 Харин Та тэднийг олон жил хүлцэж,
Өөрийн Сүнсээр, эш үзүүлэгчдээрээ дамжуулан ятгасан ч
Тэд чих тавиагүй.
Тиймийн учир Та тэднийг газрын ард түмнүүдийн гарт өгөв.*
31 Гэлээ ч аугаа энэрлээрээ
Та тэднийг эс мөхөөж бас үл орхив.
Учир нь Та энэрэнгүй өрөвч Бурхан билээ.
32 Тиймээс одоо, бидний Бурхан, гэрээ ба хайр энэрлээ сахигч
Аугаа хүчирхэг болоод аюумшигт Бурхан минь,
Ассирийн хаадын өдрүүдээс энэ өдрийг хүртэл
Биднийг болон манай хаад, ноёд,
Тахилчид, эш үзүүлэгчид, эцэг өвгөд ба
Таны хамаг ард түмэн дээр буусан бүх хүнд бэрхшээлийг
Та Өөрийнхөө өмнө өчүүхэн хэмээн бүү үзээч!*
33 Гэсэн ч бидэн дээр буусан бүхэнд
Та шударга юм.
Учир нь Та итгэмжтэйгээр ханддаг байтал
Харин бид буруу мууг үйлдсэн.
34 Манай хаад, манай удирдагчид,
Манай тахилчид болон эцэг өвгөд маань
Таны хуулийг сахиагүй
Тушаал хийгээд заавруудад тань
Тэд анхаарал хандуулаагүй.
35 Тэдэнд өгсөн Таны агуу сайн сайханд дунд
Тэдний өмнө тавьсан өргөн уудам,
Үржил шимт газартаа
Хаанчлалдаа тэд Танд үйлчилсэнгүй,
Өөрсдийн муу үйлээсээ ч буцсангүй.

36 Үзэгтүн, бид өнөөдөр боолууд болжээ.
Үр жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр
Манай эцэг өвгөдөд Таны өгсөн газар дээр
Харагтун, бид боолууд болжээ.
37 Нүглээс маань болж газрын элбэг дэлбэг үр жимс нь
Бидний дээр Таны тавьсан хаадынх болов.
Зовлого биеийг маань, мал сүргийг маань ч эзэрхийлэв
Зовлон шаналан тиймээс үлэмж их болов.
Гэрээнд нэр хамрагдагсад
38 Одоо энэ бүхний учир бид бичгээр гэрээ хийж байна. Тамгалсан бичиг дээр манай удирдагчдын манай левичүүдийн болон манай тахилчдын нэрс байна гэв.


  •  9:7 Эх 11:31, 12:1, 17:5
  • 9:8 Эх 15:18–21
  • 9:9 Гэт 3:7, 14:10–12
  • 9:10 Гэт 7:8—12:32
  • 9:11 Гэт 14:21–29, 15:4–5
  • 9:12 Гэт 13:21–22
  • 9:13–14 Гэт 19:18—23:33
  • 9:15 Гэт 16:4–15, 17:1–7; Дх 1:21
  • 9:16–17 Тоо 14:1–4; Дх 1:26–33
  • 9:17 Гэт 34:6; Тоо 14:18
  • 9:18 Гэт 32:1–4
  • 9:19–21 Дх 8:2–4
  • 9:22 Тоо 21:21–35
  • 9:23 Эх 15:5, 22:17; Иош 3:14–17
  • 9:24 Иош 11:23
  • 9:25 Дх 6:10–11
  • 9:26–28 Шүү 2:11–16
  • 9:29 Лев 18:5
  • 9:30 2Ха 17:13–18; 2Шс 36:15–16
  • 9:32 2Ха 15:19,29, 17:3–6; Езр 4:2,10