11 1 Меде хүн Дариусын анхдугаар онд би түүнийг дэмжиж хамгаалахаар зогссон юм.
2 Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дөрөв дэх нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай байна. Тэрээр баялгаараа хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө. 3 Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, хүссэн зүйлээ үйлдэх болно. 4 Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь үр удамд хүртэхгүй, түүний ноёрхол эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй мөн улс гүрэн нь үндсээрээ таслагдаж, бусдад очно.
5 Дараа нь өмнө зүгийн хаан жононгуудынхаа нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Эрх мэдэл нь үнэхээр агуу их болно. 6 Хэдэн жилийн дараа тэд түншилж, өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд умард зүгийн хаанд очно. Харин гүнж нөлөөгөө хадгалахгүй, хаан ч хүч нөлөөгөө хадгалж чадахгүй. Харин тэр өдрүүдэд гүнж, бараа бологчид нь, төрүүлсэн нэгэн нь болон бэхжүүлж байсан бүгд хороогдоно.
7 Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна. 8 Тэгээд бурхдыг нь цутгамал шүтээнтэй нь, үнэт алт мөнгөн савнуудыг тэрээр Египет рүү олзлон аваачиж, хэдэн жилийн туршид умард зүгийн хааныг дайрахгүй. 9 Дараа нь умард зүгийн хаан өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч нутагтаа буцна.
10 Хөвгүүд нь дайныг өдөөж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээр нь үерлэн ирээд хальж, буцаад нөгөөхийн бат цайзыг хүртэл довтолно. 11 Өмнө зүгийн хаан хорсож, умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь өмнө зүгийн хааны гарт орно. 12 Олныг олзолсны дараагаар түүний зүрх омог дээрэнгүй болж, тэрээр түм түмээр устгавч ялалт нь удахгүй. 13 Учир нь умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.
14 Тэр үед олон хүн өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас хэрцгий хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно. 15 Тэгээд умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно. 16 Харин түүний эсрэг ирэх хэн ч болов зоргоороо авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт оронд хэсэг зуур байх болно. 17 Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчээр ирэх шийдвэр гаргана. Бас эв найрамдлын гэрээг хэрэгжүүлнэ. Өмнөдийн хаанчлалыг устгахын тулд тэрээрa түүндb нэгэн эмэгтэйг гэрлэлтээр өгөх авч энэ нь амжилт ч өгөхгүй, давуу тал нь ч болохгүй. 18 Дараа нь тэрээр нүүрээ арлууд руу хандуулж, олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин түүний басамжлалыг эцэслүүлж, басамжлалыг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ. 19 Ингээд тэрээр улсынхаа цайзууд руу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, далд орно.
20 Дараа нь оронд нь гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын сүр жавхлан дундуур татвар нэхэгчийг илгээнэ. Гэсэн ч тэрээр хэдэн өдрийн дараа хилэнгээр ч бус, дайнаар ч бус алагдана. 21 Оронд нь хүндэтгэл олоогүй жигшүүрт хүн хаанчлахаар гарч ирэх ба тэрээр санамсаргүй ирж, зусраар хаанчлалыг олж авна. 22 Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан арилна. Гэрээний жонон ч мөн адил. 23 Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд цөөн хүнээр хүч олно. 24 Тэрээр санамсаргүйгээр ноёрхлын хамгийн нүнжигтэй газар нэвтрэн орж, эцгүүд болон эцэг өвгөдийнхөө хийгээгүйг үйлдэнэ. Тэрээр дээрэмдэн булааж, олзолж авсан зүйлс, эд баялгийг хүмүүстээ тарааж өгнө. Тэр цайзуудыг эзлэхийг төлөвлөвч энэ нь хэсэг зуур л явагдана. 25 Тэрээр их цэргийг дагуулан сүр хүч болон сэтгэл зоригоо өмнө зүгийн хааны эсрэг илэрхийлнэ. Өмнө зүгийн хаан ч дайтахаар ихэд олон, маш хүчтэй цэргийг бэлтгэх боловч түүний эсрэг гарсан мэхнээс болж эс дийлнэ. 26 Шилмэл идээг хүртэгсэд өөрийг нь хөнөөж, цэрэг нь бутран олноороо алагдан унана. 27 Энэ хоёр хааны зүрх нь ёрын бачтай бөгөөд тэд нэг ширээнээ байхдаа худал яривч амжилтад хүрэхгүй. Учир нь эцэс нь тогтоогдсон цагт ирнэ. 28 Тэгээд тэрээр нутагтаа их олз баялагтай буцах болно. Харин зүрх нь ариун гэрээний эсрэг байх бөгөөд тэрээр хүссэнээ үйлдээд, нутагтаа буцна.
29 Тогтоогдсон цагт тэрээр буцаж өмнө зүг явах боловч энэ удаагийнх нь өмнөхтэй нь адилгүй байна. 30 Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээний эсрэг хилэгнэн юм хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ. 31 Цэргийн хүчин босож, ариун газрын цайзыг бузарлаж, өдөр бүрийн тахилыг хориглоно. Тэд хоосролын бузар юмыг тавина.* 32 Тэрээр гэрээний эсрэг бурууг үйлдэгчдийг бурхангүй байдал руу ялдам үгсээр эргүүлнэ. Харин Бурханаа мэдэгч ард түмэн хүчирхэг болж, үйлдэл хийнэ. 33 Ард түмний дундах, хэрсүү ухаантнууд олныг зааварлах боловч тэд нэг хэсэгтээ сэлмийн ир, галд унаж, олзлогдон тонуулна. 34 Тэд доройтон унах үедээ бага зэрэг л тусламж авна. Гэвч олноороо зусардан тэдэнтэй нэгдэнэ. 35 Тэд эцсийн цаг хүртэл цэвэрлэгдэж, ариусгагдаж, шинэчлэгдэхийн тулд хэрсүү ухаантнуудын зарим нь унана. Учир нь тогтоогдсон цаг хараахан болоогүй байна.
36 Тэгээд нөгөө хаан хүссэнээ хийж, өөрийгөө аливаа бурхнаас илүү дээдлэн өргөмжилж, бурхдын Бурханы эсрэг доромжилсон юм ярих болно. Уур хилэнгийн үе дуусах хүртэл тэрээр амжилт олно. Учир нь тогтоогдсон нь биелэх болно.* 37 Тэрээр эцэг өвгөдийнхөө бурхдыг ч, эмэгтэйчүүдийн хүсэмжилдэг юмсыг ч мөн бусад ямар ч бурхдыг үл хүндэтгэнэ. Тэрээр өөрийгөө л тэр бүхнээс дээгүүр өргөмжилнө. 38 Харин оронд нь тэрээр бат бэх цайзуудын бурхныг буюу эцэг өвгөдийнхөө мэддэггүй байсан бурхныг алт, мөнгө, үнэт чулуу, эрдэнэсээр хүндэтгэнэ. 39 Тэрээр харийн бурхны тусламжтайгаар хамгийн бат цайзуудын эсрэг довтолно. Өөрийг нь хүлээн зөвшөөрөгчдөд тэрээр агуу хүндэтгэл үзүүлж, тэднээр олныг захируулж, шагнал болгон тэдэнд газар хувааж өгнө.
Эцсийн цаг
40 Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй тулна. Гэвч умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө. 41 Тэрээр бас Үзэсгэлэнт оронд нэвтрэн орж, олныг устгана. Харин Едом, Моаб, Аммоны шилдэг хөвгүүд түүний гараас мултарна. 42 Тэрээр бусад улсуудын эсрэг гараа сунгах бөгөөд Египет ч гараас нь эс мултарна. 43 Харин тэрээр алт, мөнгө, Египетийн бүх үнэт эрх мэдлийг гартаа авна. Ливичүүд, этиопчууд хөлийнх нь дор мөлхөцгөөх болно. 44 Гэвч дорно хийгээд умард зүгээс ирсэн цуу үгс түүнийг хямрааж, тэрээр олныг хядаж устгахаар уур хилэнтэйгээр гарах болно. 45 Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацраа босгоно. Харин хэн ч түүнд туслахгүй бөгөөд түүний төгсгөл ирнэ.
- a11:17 Сирийн хааныг хэлсэн байж болно.
- b11:17 Египетийн хааныг хэлсэн байж болно.
- 11:31 Дан 9:27, 12:11; Мт 24:15; Мк 13:14
- 11:36 2Тс 2:3–4; Илч 13:5–6