Дөрвөн араатны тухай үзэгдэл

7 1 Вавилоны хаан Белшазарын анхдугаар онд Даниелыг орондоо байхад нь зүүд зүүдлэгдэж, үзэгдэл толгойд нь харагджээ. Тэрээр зүүдээ бичиж үлдээн доорх зүйлсийг ярив. 2 Даниел
—Шөнө би үзэгдэлдээ, тэнгэрийн дөрвөн салхи их далайг оволзуулж байхыг харав. 3 Өөр хоорондоо адилгүй дөрвөн аварга араатан далайгаас гарч ирэв.* 4 Эхнийх нь арслан шиг бөгөөд бүргэдийн жигүүртэй. Намайг харсаар байтал жигүүр нь таслагдаж, тэрээр газраас өргөгдөн хүн шиг хоёр хөл дээрээ зогсов. Түүнд хүний оюун ухаан өгөгджээ.* 5 Харагтун, нөгөө хоёр дахь араатан нь баавгай шиг төрхтэй байв. Тэр хажуулдан босож байсан бөгөөд аман дотроо, шүднийхээ завсар гурван хавирга зуусан байлаа. Тэд түүнд “Босоод, их мах ид” гэв. 6 Үүний дараа би нуруундаа шувууных шиг дөрвөн далавчтай, ирвэс шиг өөр нэгнийг харлаа. Тэр араатан бас дөрвөн толгойтой байсан ба түүнд эрх мэдэл өгөгджээ. 7 Үүний дараа би шөнийн үзэгдэлдээ хиртхийлгэм, айдас төрүүлмээр асар хүчтэй дөрөв дэх араатныг харлаа. Тэр нь том төмөр шүдтэй байв. Тэрээр залгиж, хэсэгчиж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэв. Энэ нь урьд байсан бусад бүх араатнаас ялгаатай, арван эвэртэй байв.* 8 Би тэдгээр эврийг ажиглаж байтал тэдний дундаас өөр нэгэн жижиг эвэр ургаж, түрүүчийн эврүүдээс гурав нь түүний өмнө үндсээрээ булгарав. Харагтун, энэ жижиг эвэр хүний нүд шиг нүдтэй, ихээр бардамнан ярих амтай байв.*

Эртний Нэгэн

9 Намайг харсаар байтал
Сэнтийнүүд тавигдлаа.
Эртний Нэгэн суудалдаа заларлаа.
Түүний хувцас цас шиг цагаан,
Толгойн үс нь цэвэр ноос шиг,
Сэнтий нь галын дөл шиг,
Дугуйнууд нь дүрэлзсэн гал шиг байв.*
10 Өмнөөс нь галтай мөрөн урсаж,
Үй түмээрээ Түүнд үйлчилж,
Өмнө нь түм түмээрээ зогсов.
Шүүх эхлэн номууд дэлгэгдэв.*

11 Эврийн ярьж буй бардам үгсийн дуунаас болж би харсаар байлаа. Араатан алагдаж, бие нь устгагдан дүрэлзсэн галд хаягдах хүртэл би харсаар байлаа. 12 Үлдсэн араатнуудын эрх мэдэл нь булаагдсан боловч цаг хугацаа иртэл тэдний амийг хэлтрүүлэв. 13 Би шөнийн үзэгдлийг харсаар байлаа.

Харагтун, Хүний Хүү шиг Нэгэн
Тэнгэрийн үүлсээр ирж,
Эртний Нэгэн дээр очоод,
Түүнд бараалхав.*
14 Түүнд эрх мэдэл, сүр жавхлан,
Хаанчлал өгөгдөж,
Бүх ард түмэн, үндэстэн,
Бүх хэлтэн Түүнд үйлчлэв.
Ноёрхол нь үл өнгөрөх үүрдийн ноёрхол
Хаанчлал нь эс устах хаанчлал юм.*

Зүүдний тайлал

15 Харин Даниел миний сэтгэл дотроо шаналж, миний толгой дахь үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.a 16 Би хажууд зогсогчдын нэгэнд дөхөж очоод, түүнээс энэ бүх явдлын үнэн учрыг асуув. Тэр надад эдгээр зүйлийн учрыг тайлбарлаж хэллээ. 17 “Энэ дөрвөн аварга араатан бол газраас босох дөрвөн хаан юм. 18 Харин Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүс хаанчлалыг авч, ирэх бүх үеийн турш үүрд эзэмшинэ” гэв.*
19 Дараа нь бусад араатнуудаас ялгаатай, нэн аймшигтай, төмөр шүдтэй, хүрэл хумстай, залгиж, буталж, үлдсэнийг нь хөлөөрөө гишгэсэн дөрөв дэх араатны үнэн учрыг мэдэхийг би хүсэв. 20 Мөн түүний толгойн арван эвэр болон өмнө нь зай гаргахаар өмнө нь гурван эвэр булгарч унасан өнөөх эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаасаа илүү агуу харагдсан эвэр зэргийн учрыг мэдэхийг хүслээ. 21 Намайг харсаар байтал, тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж, тэднийг дийлж байсан ба* 22 Эртний Нэгэн ирж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл тэгэх ажээ.*
23 Тэрээр ийн хэлэв. “Дөрөв дэх араатан нь газар дээрх дөрөв дэх хаанчлал бөгөөд тэр нь бусад бүх хаанчлалаас ялгаран бүх дэлхийг залгиж, талхалж, хэсэглэх болно. 24 Арван эвэр бол тэр хаанчлалаас босох арван хаан юм. Тэдний дараа урьд нь байгсдаас ялгаатай, өөр нэгэн хаан босоод гурван хааныг дарах болно.* 25 Тэрээр Хамгийн Дээд Нэгэний эсрэг үг хэлж, Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийг дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеүд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Тэгээд нэг үе, хоёр үе ба хагас үеийн турш ариун хүмүүс гарт нь тушаагдана.* 26 Харин шүүлт эхлэхэд, түүний ноёрхол булаагдаж, бүрмөсөн устаж мөхнө. 27 Тэгээд бүхий л тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл, агуу байдал нь Хамгийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Хаанчлал нь үүрдийн хаанчлал байж, бүх эрх мэдэл Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.* 28 Үүгээр энэ үг дуусав. Даниел миний бодлууд намайг ихэд түгшээж, зүс минь хувирсан боловч энэ хэргийг би зүрхэндээ хадгалав.


  • 7:3 Илч 13:1, 17:8
  • 7:4–6 Илч 13:2
  • 7:7 Илч 12:3, 13:1
  • 7:8 Илч 13:5–6
  • 7:9 Илч 20:4, 1:14
  • 7:10 Илч 5:11, 20:12
  • 7:13 Мт 24:30, 26:64; Мк 13:26, 14:62; Лк 21:27; Илч 1:7,13, 14:14
  • 7:14 Илч 11:15
  • a7:15 Арам хэлээр утга тодорхойгүй хоёр нэмэлт үг энэ эшлэлд бий.
  • 7:18 Илч 22:5
  • 7:21 Илч 13:7
  • 7:22 Илч 20:4
  • 7:24 Илч 17:12
  • 7:25 Илч 12:14, 13:5–6
  • 7:27 Илч 20:4, 22:5