Үхэгсдийн амилал

12 1 Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас хэзээ ч байгаагүй хүнд цаг тэр үед болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.* 2 Газар шороонд нойрсогч олон хүн сэрж, зарим нь мөнх амь руу бусад нь гутамшиг ба мөнхийн жигшил руу явна.* 3 Хэрсүү ухаантнууд тэнгэрийн туяа шиг гялалзаж, олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнхөд туяарна. 4 Харин Даниел чи, төгсгөлийн цаг хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш хэрэн явж, мэдлэг нэмэгдэнэ гэж хэлэв.*
5 Тэгэхэд үзтүгэй, Даниел би хоёр өөр хүн байхыг харсан бөгөөд нэг нь голын наад эрэгт, нөгөө нь голын цаад эрэгт зогсож байв. 6 Тэдний нэг нь голын усан дээр зогсогч, маалинган хувцастай хүнд хандан
—Эдгээр гайхамшгийн төгсгөл хүртэл хэр удах вэ? гэв. 7 Маалинган хувцастай, голын усан дээр зогсогч хүн баруун, зүүн гараа тэнгэр өөд сунгаад, мөнхөд орших Нэгэнээр тангараглан
—Тэр нь нэг үе, хоёр үе, тэгээд хагас үеийн туршид болох бөгөөд ариун хүмүүсийн хүчийг нурааж дууссаны дараа энэ бүх явдал төгсөнө гэхийг би сонслоо.* 8 Харин би сонссон боловч ойлгосонгүй. Тиймээс би
—Эзэн минь, энэ бүх явдлын дараа юу болох вэ? гэж асуув. 9 Тэрээр
—Даниел аа, явагтун. Учир нь энэ үгс эцсийн цаг хүртэл битүүмжлэгдэн, лацдагдсан. 10 Олон хүн цэвэрлэгдэн, ариусгагдаж, тунгаагдана. Харин буруутууд буруугаа үйлдсээр байна. Тэднээс нэг нь ч ухаарахгүй, харин хэрсүү ухаантнууд ойлгоно.* 11 Өдөр бүрийн тахилыг болиулж, хоосролын бузар юмыг тавих цагаас хойш нэг мянга хоёр зуун ерэн өдөр болно.* 12 Хүлээн хүлээсээр нэг мянга гурван зуун гучин таван өдөрт хүрсэн нь ерөөлтэй еэ! 13 Харин чи эцэс хүртэл яв. Тэгвэл чи амарч, хоногуудын эцэст хувиа хүртэхээр дахин босох болно гэв.


  • 12:1 Мт 24:21; Мк 13:19; Илч 7:14, 12:7
  • 12:2 Иса 26:19; Мт 25:46; Иох 5:29
  • 12:4 Илч 22:10
  • 12:7 Илч 10:5, 12:14
  • 12:10 Илч 22:11
  • 12:11 Дан 9:27, 11:31; Мт 24:15; Мк 13:14