Алтан хөрөг

3 1 Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов. 2 Тэгээд Небухаднезар хаан босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хуулийг сахиулагчид буюу бүх мужийн түшмэдийг цуглуулахаар илгээжээ. 3 Ингээд мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хууль сахиулагчид буюу бүх мужийн түшмэд Небухаднезар хааны босгосон хөргийн нээлтийн ёслолд цуглаад, Небухаднезарын босгосон хөргийн өмнө зогсоцгоов. 4 Тунхагч чангаар хашхиран
—Ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд ээ, та нарт тушаал өгөгдсөн билээ. 5 Та нар бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц түрүүлгээ унан Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөгтүн. 6 Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаях болно гэв. 7 Тиймээс бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц, бүх ард түмэн, үндэстэн ба хэлтнүүд түрүүлгээ харан унаж, Небухаднезар хааны босгосон алтан хөрөгт мөргөв.
8 Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав. 9 Тэд Небухаднезар хаанд хариу хэлэхдээ
—Аяа хаантан, мөнх насалтугай! 10 Хаантан, та бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонссон хүн бүр түрүүлгээ унаж, алтан хөрөгт мөргөх зарлиг гаргасан билээ. 11 Харин унаж мөргөөгүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях болно гэсэн. 12 Вавилоны мужийн удирдлагыг хариуцуулан таны томилсон Шадрах, Мешах, Абеднего зэрэг зарим иудейчүүд бий. Өө хаантан, энэ эрчүүд танд анхаарал хандуулахгүй байна. Мөн бурхдад тань эс үйлчлэн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй байна гэв.
13 Тэгэхэд, цухалдан хилэгнэсэн Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв. 14 Небухаднезар тэдэнд
—Шадрах, Мешах, Абеднего нар аа, та нар бурхдад минь үйлчилдэггүй бас миний босгосон алтан хөрөгт мөргөөгүй чинь үнэн үү? 15 Та нар одоо бүрээ, лимбэ, ятга, хуур, босоо ятга, баг бишгүүр хийгээд бүх төрлийн хөгжмийн дууг сонсмогц миний бүтээсэн хөрөгт мөргөхөд бэлэн байвал сайнсан. Харин та нар мөргөхгүй аваас дүрэлзсэн галтай зууханд тэр даруй хаягдана. Миний гараас та нарыг аварч чадах ямар бурхан байна? гэв. 16 Шадрах, Мешах, Абеднего нар хаанд хариулан,
—Небухаднезар аа, энэ хэргийн талаар танд хариулах хэрэг бидэнд байхгүй. 17 Бидний үйлчилдэг Бурхан биднийг аврах бол дүрэлзсэн галтай зуухнаас ч хаантан таны гараас ч биднийг аварна. 18 Хэдийгээр тэгэхгүй байсан ч, өө хаантан, бид бурхдад тань үйлчлэхгүй мөн таны босгосон алтан хөрөгт мөргөхгүй гэдгийг та мэдсүгэй гэв.

Галт зуух

19 Тэгэхэд Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарт хилэгнэн, царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав. 20 Шадрах, Мешах, Абеднего нарыг хүлээд, дүрэлзсэн галтай зууханд хаяхыг цэргийнхнийхээ дотроос хамгийн тэнхээтэй дайчдад тэр тушаав. 21 Тэгээд эдгээр эрсийг дээл, өмд, толгойн өмсгөл, бусад бүх хувцастай нь хүлж, дүрэлзсэн галтай зууханд хаяв. 22 Хааны тушаал шавдуу, зуух хэт халуун байсан учраас Шадрах, Мешах, Абеднего нарыг авчирсан эрсийг галын дөл шатааж алав. 23 Харин Шадрах, Мешах, Абеднего гэх эдгээр гурван эр хүлээтэй чигээрээ дүрэлзсэн галтай зууханд унажээ.
24 Дараа нь Небухаднезар хаан гайхаж, яаран босож ирлээ. Тэрээр дээд түшмэлүүддээ
—Бид гурван эрийг хүлж, гал руу хаясан биш үү? гэсэнд тэд хаанд
—Тийм ээ, хаантан гэж хариулав. 25 Хаан хариулан
—Хараач! Хүлээсгүй, дөрвөн хүн гал дунд явааг би харж байна. Тэд гэмтээгүй байна. Дөрөв дэх нь бурхдын хүүa шиг төрхтэй юм гэв. 26 Небухаднезар дүрэлзсэн галтай зуухны аманд ойртож очоод,
—Хамгийн Дээд Бурханы зарц Шадрах, Мешах, Абеднего нар аа, гараад ир, нааш ир гэжээ. Тэгэхэд Шадрах, Мешах, Абеднего нар гал дундаас гарч ирэв. 27 Бүх аймгийн удирдагч, цэргийн ноёд, түшмэд хийгээд хааны зөвлөгч нар тойрон бүчиж, гал энэ эрсийн биед ямар ч нөлөөгүй байсныг харав. Үс нь ч хуйхлагдаагүй, дээл нь ч хувираагүй, тэднээс түлэнхий үнэр ч үнэртсэнгүй. 28 Небухаднезар
—Шадрах, Мешах, Абеднего нарын Бурхан магтагдах болтугай. Тэрээр тэнгэрэлчээ илгээж, Өөрт нь итгэн, хааны тушаалыг зөрчиж, Бурханаасаа өөр ямар ч бурханд үйлчлэх ч үгүй, мөргөх ч үгүйгээр биеэ тушаан өгсөн зарц нараа аварчээ. 29 Тиймээс Шадрах, Мешах, Абеднего нарын Бурханы эсрэг хааш яаш юм ярих аливаа ард түмэн, үндэстэн ба хэлтнийг хэсэглэн цавчиж, гэрийг нь үнсэн товрог болгох зарлигийг би буулгаж байна. Учир нь ингэж аварч чадах өөр бурхан байхгүй юм гэв. 30 Ингээд хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг Вавилоны мужид тушаал дэвшүүлэв.


  • a3:25 эсвэл Бурханы Хүү