Даниелын залбирал
9 1 Халдеичуудын хаант улсын хаан болсон, медечүүдийн үр удам Ахашверошийн хүү Дариусын анхдугаар онд буюу 2 ноёрхлынх нь анхдугаар онд Даниел би ЭЗЭНий үгээр эш үзүүлэгч Иеремиад илэрхийлэгдсэн Йерусалимын хоосрол дуустал үргэлжлэх жилийн тоог далан жил байгаа гэдгийг номоос мэдсэн.*
3 Тиймээс би залбирал, гуйлтаараа мацаг барьж, таар өмсөж, дээрээсээ үнс асган Эзэн Бурханыг хайж, Түүн рүү хичээнгүйлэн хандав. 4 Би ЭЗЭН Бурхандаа залбирч, гэмтэйгээ хүлээн зөвшөөрч, хэлэхдээ,
—Ээ халаг, Эзэн минь, аугаа, айдас төрөм Бурхан минь. Таныг хайрлаж, тушаалуудыг тань сахигчдад Та гэрээ ба хайр энэрлээ өгдөг. 5 Бид нүгэл үйлдэж, ёс бусыг хийж, ёр бурууг үйлдэн тэрсэлж, тушаал, тогтоолуудаас тань эргэн холджээ. 6 Түүнээс гадна манай хаад, жононгууд, өвөг дээдэст маань болон газар нутгийн бүх ард түмэнд Таны нэрээр ярьсан зарц нар, эш үзүүлэгчдийг тань бид сонсоогүй. 7 Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Йерусалимын оршин суугчид мөн бүх Израил бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна. 8 ЭЗЭН минь, бид Таны эсрэг нүгэл үйлдсэн учраас ичгүүр нь биднийх, манай хаад, ноёд, эцэг өвгөдийнх маань билээ. 9 Бид Түүний эсрэг тэрсэлсэн боловч энэрэл уучлал нь Эзэн Бурханд маань бий. 10 Бурхан Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан өмнө маань тогтоож өгсөн хууль заавраар бид алхаагүй, ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг бид дагаагүй. 11 Хамаг Израил хууль зааврыг тань зөрчин явж, дуу хоолойг тань дагалгүй эргэн холдсон. Тиймээс бид Түүний эсрэг нүгэл үйлдсэн учир Бурханы зарц Мосегийн хуульд бичигдсэн тангараг ба хараал бидний дээр буужээ. 12 Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг, биднийг шүүдэг шүүгчдийн эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Йерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч үйлдэгдэж байсангүй. 13 Мосегийн хуульд бичигдсэн ёсоор энэ бүх гамшиг бидэн дээр буусан билээ. Гэсэн ч хилэнцээсээ эргэж, үнэнийг тань ойлгож авахын тулд ЭЗЭН Бурханыхаа нүүрийг бид хүсэмжлэн хайгаагүй. 14 Тиймээс ЭЗЭН гамшгийг хураасаар бидний дээрээс буулгасан юм. Учир нь ЭЗЭН Бурхан маань үйлдсэн бүх хэрэгтээ зөвт байдаг. Харин бид дуу хоолойг нь дагасангүй. 15 Хүчирхэг мутраар Өөрийнхөө ард түмнийг Египетийн нутгаас хөтөлж гарган нэрээ энэ өдрийнх шиг нэр алдартай болгосон Эзэн Бурхан минь ээ, бид нүгэл үйлдэж, бурууг хийжээ.
16 Эзэн минь, зөвт байдлынхаа дагуу Йерусалим хот, ариун уулаасаа уур хилэнгээ буцааж авах болтугай. Учир нь бидний гэм нүгэл, эцэг өвгөдийн маань хилэнцээс болж Йерусалим болоод ард түмэн чинь эргэн тойрныхоо бүх улсад тохуу болов. 17 Тиймээс одоо Бурхан минь, зарцынхаа залбирал, гуйлтыг сонсооч, Эзэн минь, Өөрийнхөө төлөө нүүрнийхээ гэрлийг хоосорсон ариун газартаа Та тусгаач. 18 Бурхан минь ээ, сонороо тавьж, сонсооч! Мэлмийгээ нээж, хоосролыг маань бас нэрээр тань нэрлэгдсэн хотыг хараач. Учир нь бид зөвт байдлаасаа бус, харин агуу энэрлийн тань учир Таны өмнө гуйлтаа өргөж байна. 19 Аяа, Эзэн, сонсооч! Аяа, Эзэн, өршөөгөөч! Аяа, Эзэн, сонсоод үйлдээч! Бурхан минь ээ, Өөрийнхөө төлөө хийх үйлсээ бүү хойшлуулаач. Учир нь энэ хот болон ард түмэн нэрээр тань нэрлэгдсэн билээ гэв.
Далан “долоо хоног”
20 Би ярьж, залбирч, өөрийн ба ард түмэн Израилынхаа нүглийг улайж, Бурханыхаа ариун уулын төлөө өөрийн ЭЗЭН Бурхандаа гуйлтаа өргөх үед буюу 21 намайг залбирал дотор ярьж байтал урьдын үзэгдэл дунд миний үзсэн Габриел яаран нисэж ирэв. Тэгэхэд оройны идээн өргөлийн цаг байлаа.* 22 Тэрээр надад заавар өгч, надтай ярин
—Даниел аа. Би чамд ухаарал болоод чадвар өгөхөөр ирсэн. 23 Чамайг гуйж эхлэхэд зарлиг гарсан бөгөөд чамд мэдүүлэхээр би ирлээ. Чи үлэмж хайрлагдсан тул энэ мэдээг сайн бодож, үзэгдлийг ойлго.
24 Гэмт үйлдлийг дуусгаж, нүглийг эцэслэн хилэнцийг наманчилж мөнхийн зөвт байдлыг тогтоох, үзэгдэл ба эш үзүүллэгийг битүүмжлэх мөн ариунаас ариуныг тослохын тулд чиний ард түмэн хийгээд ариун хотын чинь төлөө далан “долоо хоног”a тогтоогдсон юм. 25 Йерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд жонон Мессиа ирэх хүртэл долоон “долоо хоног” болон жаран хоёр “долоо хоног” байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Йерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно. 26 Тэгээд жаран хоёр “долоон хоногийн” дараа Мессиа таслагдаж, юу ч үгүй болно. Хожим ирэх жононгийн ард түмэн хот хийгээд ариун газрыг эвдэх болно. Төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилнэ. Эзгүйрэл хоосрол нь тогтоогдсон билээ. 27 Тэрээр нэг “долоо хоногийн” турш олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч “долоо хоногийн” дунд тэрээр тахил ба идээн өргөлийг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв.*
- 9:2 Иер 25:11, 29:10
- 9:21 Лк 1:19,26
- a9:24 долоо хоног: Эх хэл дээрээ энэ үг “долоогийн бүрдэл” гэсэн утгатай. Эсвэл “долоон жил”. 25, 26, 27-р эшлэл мөн адил.
- 9:27 Дан 11:31, 12:11; Мт 24:15; Мк 13:14