Үхлээс амь өөд

2 1 Та нар алдаа зөрчил, гэм нүгэл дотроо үхсэн байсан.* 2 Тэгээд та нар энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагаж амьдардаг байв. 3 Тэдний дунд бид ч бас бүгдээрээ махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Бид төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан. 4 Гэвч биднийг хайрласан аугаа хайраараа, өршөөлөөр баян Бурхан маань 5 алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. 6 Христ Есүс дотор биднийг Түүнтэй хамт амилуулж, хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан 7 нь Христ Есүс дотор бидэнд хандсан Түүний нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. 8 Та нар нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд 9 үйлсээр чинь ирээгүй тул хэн ч өөрөөрөө сайрхаж чадахгүй. 10 Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас эдгээрийг бэлтгэсэн билээ.

Христэд нэг болохуй

11 Иймд санагтун. Та нар урьд махбодоороо харийнх байхдаа, махбоддоо хүний гараар “Хозлол хийлгэсэн” гэж нэрлэгдсэн хүмүүсээр “Хозлол хийлгээгүй” гэж нэрлэгдэж байв. 12 Тэр үед та нарт Христ байхгүй, та нар Израилын иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдвар байхгүй, бас Бурхангүй байлаа. 13 Харин нэгэнтээ алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.
14 Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм. 15 Мөн хуулийг зарлиг тушаалуудтай нь хүчингүй болгож, хоёр байсныг Өөрийн дотор нэг шинэ хүн болгон амар тайвныг тогтоогоод,* 16 аль алийг нь нэг бие дотор загалмайгаар Бурхантай эвлэрүүлснээр дайсагналыг хөнөөсөн. 17 Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад ч амар тайвныг тунхагласан юм.* 18 Тиймээс аль аль нь нэг Сүнсэнд Христээр дамжин Эцэг өөд очих замтай болжээ. 19 Тэгэхээр та нар цаашид гаднынхан болон цагаач хүн бус, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнхэн юм. 20 Та нар элч нар ба эш үзүүлэгчдийн суурин дээрa босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. 21 Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байна. 22 Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.


  • 2:1–5 Кол 2:13
  • 2:15–16 Кол 1:20, 2:14
  • 2:17 Иса 57:19
  • a2:20 эсвэл суурь болсон элч нар дээр эсвэл элч нарын тавьсан сууринд