5 1 Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай. 2 Христ биднийг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсөн шиг та нар хайр дотор яв.*

Булай замаас татгалзах нь

3 Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай явдал, шунал нь та нарын дунд огт бүү дурдагдаг. 4 Садар самуун яриа, мунхаг үгс, шалиг наргиа нь зохимжгүй. Харин оронд нь талархлын үг ярь. 5 Садарлагч, бузрыг үйлдэгч, шунахайрагч (энэ нь шүтээн шүтэгч мөн) аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар мэд.
6 Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм. 7 Иймд тэдний хамсаатан бүү бол. 8 Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. 9 Гэрлийн үр жимс нь бүхий л сайн, зөвт байдал ба үнэн дотор байна. 10 Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. 11 Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. 12 Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. 13 Харин гэрлээр илчлэгдсэн бүх зүйл харагддаг. 14 Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд
“Нойрсогч оо, сэр.
Үхэгсдээс бос.
Христ чиний дээр гэрэлтэх болно”
гэдэг.
15 Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш харин мэргэн хүмүүсийн ёсоор, хэрхэн алхаж буйгаа хянаж бай. 16 Өдөр хоног цөвүүн тул цагийг зөв ашигла.* 17 Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. 18 Дарсанд бүү согтуур. Үүнд хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. 19 Ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхнээсээ дуулан, аялгуулж,* 20 бүх зүйлийн төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр Бурхан Эцэгт үргэлж талархал өргө.

Христэч гэр бүл

21 Христээс эмээн нэг нь нөгөөдөө захирагд. 22 Эхнэрүүд ээ, Эзэнд захирагдахын адил нөхрүүддээ захирагд.* 23 Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Өөрөө тэр биеийн Аврагч мөн. 24 Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд. 25 Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.* 26 Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад 27 түүнийг ямар ч толбо, үрчлээс мэт элдэв юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн билээ. 28 Тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг. 29 Учир нь хэн ч хэзээ ч өөрийн махбодыг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мөн чуулганд ийнхүү ханддаг. 30 Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм. 31 “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно.”* 32 Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ ба чуулганы тухайд ярьж байна. 33 Гэхдээ хэн чинь ч өөрийгөө хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нөхрөөсөө эмээж бай.


  • 5:2 Гэт 29:18; Дуу 40:6
  • 5:16 Кол 4:5
  • 5:19–20 Кол 3:16–17
  • 5:22 Кол 3:18; 1Пт 3:1
  • 5:25 Кол 3:19; 1Пт 3:7
  • 5:31 Эх 2:24