Эцэг эх ба хүүхдүүд

6 1 Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Ингэх нь зөв юм.a 2 “Эцэг эхээ хүндэл.” Энэ бол амлалт бүхий эхний тушаал агаад* 3 “Ингэх нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ. 4 Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамжаар хүмүүжүүл.*

Боол эзэн хоёр

5 Боолууд аа, Христэд ханддаг шигээ та нар махбодын эздэдээ бас эмээхүй ба чичрэлээр, чин сэтгэлээсээ дуулгавартай бай.* 6 Хүнд нийцүүлэгчид шиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. 7 Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил. 8 Боол эсвэл чөлөөт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд. 9 Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мөн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.*

Бурханы өвч бүрэн зэвсэг

10 Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүчээр хүчирхэг байгтун. 11 Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы өвч бүрэн зэвсгийг агс. 12 Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. 13 Тиймээс тэр цөвүүн өдөрт, эсэргүүцэх чадвартай байж, бүхнийг гүйцээн бат зогсохын тулд Бурханы өвч бүрэн зэвсгийг ав. 14 Бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөж, 15 амар тайвны сайнмэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.* 16 Энэ бүгд дээр ёрын муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай, 17 авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.* 18 Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаа өргө. Үүний тулд хамаг ариун хүмүүсийн төлөө бүхий л цөхрөлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай. 19 Мөн сайнмэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг өгөгдөхийн төлөө залбир. 20 Би бол үүний төлөөх гинжлэгдсэн элчин сайд юм. Ярих ёстойгоо зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.

Хувийн болон төгсгөлийн гуйлт

21 Эзэн доторх итгэмжит, үйлчлэгч хайрт дүү Тухик, та нарт миний тухай бүгдийг мэдэгдсэнээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно.* 22 Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулаг хэмээн би түүнийг та нар луу илгээлээ.
23 Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ахан дүүс та нарт байх болтугай. 24 Бидний Эзэн Есүс Христийг хувиршгүй хайраар хайрлагч бүхэнд нигүүлсэл орших болтугай.


  • a6:1 Зарим гар бичмэлд: Христ доторх үүрэг чинь юм.
  • 6:2–3 Гэт 20:12; Дх 5:16
  • 6:4 Кол 3:21
  • 6:5–8 Кол 3:22–25
  • 6:9 Кол 4:1; Дх 10:17; Кол 3:25
  • 6:15 Иса 52:7
  • 6:17 Иса 59:17
  • 6:21 Үйл 20:4; 2Тм 4:12