Христийн бие дэх нэгдэл

4 1 Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая. 2 Ингэхдээ даруу бөгөөд дөлгөөн зангаар хайр дотор бие биеэ хүлцэн тэвчиж,* 3 амар тайвны холбоосонд Сүнсний эв нэгдлийг хадгалахыг хичээгтүн. 4 Та нар дуудагдахдаа нэг найдвар луу дуудагдсаны адил нэг бие, нэг Сүнс, 5 нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм, 6 нэг Бурхан байна. Тэр бол бүгдийн Эцэг бөгөөд бүгдийн дээр бүгдээр дамжин бүгдийн дотор байдаг.
7 Харин Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл өгөгдсөн байв. 8 Тиймээс
“Өндөрт дээш гарахдаа,
Тэрээр олзлогдогсдыг дагуулж
Хүмүүст бэлгүүд өгсөн”
гэж хэлдэг.*
9 “Тэр дээш гарсан” гэдэг нь ямар утгатай вэ? Тэр газрын доод хэсэгтa бас бууж байсан гэсэн үг биш үү! 10 Доош буусан Тэрээр бүх юмсыг дүүргэхийн тулд бүх тэнгэрийн дээр гарсан Тэр Өөрөө юм. 11 Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь 12 ариун хүмүүсийг үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. 13 Бид бүхэн итгэл ба Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл рүү, төлөвшсөн хүн болтлоо, Христийн дүүрэн чанарын хэмжээнд хүртлээ ингэх ажээ. 14 Бид цаашид хүүхэд байхаа больж, давлагаанд энд тэнд шидэгдэлгүй, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир аргад туугдалгүй, 15 харин хайр дотор үнэнийг ярьж, тэргүүн болох Түүн өөд, Христ өөд бүх талаар өсөх болно. 16 Христийн бүхэл бие нь хэсэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос болгоноос хангаж байдаг дэмжлэгээр хоорондоо холбогдон нийлдэг. Ингэснээр бие өөрөө өөрийгөө хайр дотор босгон байгуулж, өсдөг* юм.

Хуучин ба шинэ амьдрал

17 Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй. 18 Тэд ухаан бодолдоо харанхуй, мэдлэгийг үл тоомсорлодог, хатуурсан сэтгэл зүрхтэй учраас Бурханы аминаас хөндийрчээ. 19 Тэд ухаанаа алдаж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ. 20 Харин та нар ийм замаар Христийг сураагүй. 21 Үнэн Есүст байдагчлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол, 22 амьдралын чинь урьдын хэв маягт хамаарах заль мэхт тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ тайлж,* 23 оюун санаагаарааb шинэчлэгдэн, 24 жинхэнэ зөвт байдал ба ариун чанар дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс.*

Шинэ амьдралын дүрэм

25 Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм.* 26 Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг.* 27 Диаволд байр бүү өг. 28 Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэж, хөдөлмөрлөн зүтгэ. 29 Амнаас чинь ямар ч ялзарсан үг бүү гараг. Харин хэрэгтэй үед нь бусдыг босгон байгуулах тустай үг хэл. Тэгвэл энэ нь сонсож буй хүнд нигүүлсэл өгнө. 30 Бурханы Ариун Сүнсийг бүү гашуудуул. Золилтын өдрийн төлөө та нар Түүгээр тамгалуулсан юм шүү. 31 Аливаа хорсол гомдол, уур, хилэн, орилоон, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. 32 Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.*


  • 4:2 Кол 3:12–13
  • 4:8 Дуу 68:18
  • a4:9 эсвэл хамгийн доод хэсэг болох газарт
  • 4:16 Кол 2:19
  • 4:22 Кол 3:9
  • b4:23 грк. оюун санааныхаа сүнс дотор
  • 4:24 Кол 3:10; Эх 1:26
  • 4:25 Зех 8:16
  • 4:26 Дуу 4:4 (LXX)
  • 4:32 Кол 3:13