Харийнхны төлөөх Паулын үйлчлэл
3 1 Үүний улмаас Паул би, харийнхан та нарын төлөө, Христ [Есүсийн] хоригдол болсон юм. 2 Та нарын төлөө надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн үйлчлэлийн талаар та нар хэдийн сонссон. 3 Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлээр мэдэгдсэн билээ. 4 Та нар түүнийг уншаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна.* 5 Энэ нь өөр үеийнхэнд, хүний хөвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эш үзүүлэгчдэд илчлэгдсэн юм. 6 Тэр нууц бол бусад үндэстнүүд энэхүү биеийн хамтран өвлөгчид ба нэгэн бие болж, сайнмэдээгээр дамжин Христ Есүс дэх амлалтыг хуваалцагч болсон тухай юм. 7 Бурханы хүч чадлын үйлсийн дагуу надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн бэлгээр би энэ сайнмэдээний үйлчлэгч болсон. 8 Бүх ариун хүний хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь би Христийн яндашгүй баялгийг бусад үндэстэнд тунхаглаж, 9 бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг [бүгдэд] тодруулахын тулд байлаа. 10 Ингэснээр тэнгэрлэг оршихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон талт мэргэн ухаан нь чуулганаар дамжин мэдэгдэх юм. 11 Энэ бүхэн бидний Эзэн Христ Есүсийн дотор Бурханы үйлдсэн мөнхийн зорилгын дагуу болж байна. 12 Бид Христэд итгэх итгэлээрээ Бурханд зоригтой бөгөөд бат итгэлтэй очдог. 13 Тиймээс би та нараас гуйя. Та нарын төлөөх зовлон шаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.
Уншигчдын төлөөх залбирал
14 Иймд би Эцэгийн өмнө өвдөг сөгдөж, 15 тэнгэр болон газар дахь овог отогa бүрийг нэрлэдэг Түүнд залбирч байна. 16 Тэрээр Өөрийн алдрын баялгийн дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчирхэгжүүлж өгөх болтугай. 17 Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад, 18 тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. 19 Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.
20 Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйх буюу бодох бүхнээс минь илүү, хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд 21 алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор үеийн үед, өнө мөнхөд байх болтугай. Амен.
- 3:4–6 Кол 1:26–27
- a3:15 Энэ үг грек хэлэнд “Эцэг” гэдэг үгээс гаралтай.