Паул ба бусад элч нар
2 1 Тэгээд арван дөрвөн жилийн дараа би Барнабын хамт Титийг мөн авч, дахин Йерусалим руу явав.* 2 Илчлэлийн дагуу би тийшээ явсан юм. Харийнхны дунд тунхагладаг сайнмэдээг би тэдэнд, ялангуяа нэр хүндтэй хүмүүст хувьчлан хэлсэн. Учир нь би дэмий гүйх буюу гүйсэн байх вий гэсэндээ тэгсэн юм. 3 Надтай хамт байсан Тит хэдийгээр грек боловч, түүнийг хозлуул гэж албадсангүй. 4 Харин биднийг боолчилж, Христ Есүс дотор бидэнд байгаа эрх чөлөөг минь тагнахаар шургалсан хуурамч ах дүү нар ингэсэн юм. 5 Гэвч сайнмэдээний үнэн нь та нарт үлдэхийн тулд бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. 6 Харин нэр хүндтэйчүүдээс (тэдний хэн байсан нь надад огт хамаагүй. Бурхан нүүр царайг хардаггүй) надад олдож нэмэгдсэн зүйл байгаагүй.* 7 Харин ч эсрэгээрээ, хозлуулагсдын төлөөх сайнмэдээ Петрт даалгагдсан шиг хозлуулаагүй хүмүүсийн төлөөх сайнмэдээ надад даалгагдсаныг хараад, 8 (Учир нь Петрийг хозлуулагсдын төлөөх элч болгон дотор нь ажилласан Тэрээр мөн намайг харийнхны төлөөх элч болгон миний дотор ч идэвхтэй ажилласан) 9 надад өгсөн нигүүлслийг мэдээд, багана гэгддэг Иаков, Кеф болон Иохан нар надад болоод Барнабт нөхөрлөлийн баруун гараа сунгасан юм. Ингэснээр бид харийнхан руу, тэд хозлуулагсад руу явах юм. 10 Бидэнд ядуусыг санаж байгаарай гэсэн нь чухамдаа хийхийг эрмэлздэга зүйл минь билээ.
Петрийг Паул зэмлэсэн нь
11 Гэвч Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа. 12 Иаковын хэдэн хүнийг ирэхээс өмнө харийнхантай хооллодог байсан атлаа тэднийг ирэхэд тэрээр хозлуулагсдаас эмээж, харийнхнаас холдон зай барьсан юм. 13 Бусад иудейчүүд ч түүний хамт хоёр нүүр гаргацгаасан. Түүнчлэн Барнаб хүртэл хоёр нүүрт байдалд нь автсан юм. 14 Харин би сайнмэдээний үнэнээр цэх шулуун явахгүй байгаа тэднийг хараад, бүгдийн өмнө Кефт “Чи иудей байж, иудей шиг биш, харин харь үндэстэн шиг амьдардаг атлаа яагаад харь үндэстнүүдийг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн.
Иудейчүүд ч харийнхан ч итгэлээр аврагддаг
15 Бид төрөлхийн иудейчүүд бөгөөд нүгэлт харийнхан биш. 16 Гэлээ ч бид аливаа хүн хуулийн үйлсээр бус, харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддөгийг мэднэ. Тиймээс бид хуулийн үйлсээр бус, харин Христэд итгэх итгэлээр зөвтгөгдөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл хуулийн үйлсээр зөвтгөгдөх махбод гэж үгүй.* 17 Хэрэв бид Христийн дотор зөвтгөгдөхийг эрмэлзэх зуураа өөрсдөө нүгэлтнүүд болох нь илэрхийлэгдвэл энэ нь Христ нүгэлд үйлчлэгч гэсэн үг үү? Огт үгүй. 18 Тэгээд ч хэрэв би нэгэнт устгасан юмаа дахиж босговол зөрчигч гэж өөрийгөө баталж байгаа хэрэг болно. 19 Учир нь би Бурханы хувьд амьд байхын тулд хуулиар хуулийн хувьд үхсэн. Би Христтэй хамт цовдлогдсон. 20 Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. 21 Би Бурханы нигүүлслийг хөнгөн үзэхгүй. Хэрэв зөвт байдал нь хуулиар ирдэг юм бол Христ дэмий үхсэн аж.
- 2:1 Үйл 11:30, 15:2
- 2:6 Дх 10:17
- а2:10 эсвэл эрмэлзэж байсан
- 2:16 Дуу 143:2; Ром 3:20,22