5 1 Христ биднийг эрх чөлөөтэй болгохын тулд чөлөөлсөн юм. Иймд бат зогс, дахиж боолчлолын буулгад бүү орогтун.
Христитгэлийн эрх чөлөө
2 Харагтун, хэрэв та нар хозлуулбал Христ та нарт ямар ч тус болохгүйг Паул би хэлж байна. 3 Хозлолыг хүлээн авдаг хүн бүрд би дахин гэрчилье. Тэр хүн бүх хуулийг биелүүлэх өртөн мөн. 4 Хуулиар зөвтгөгдөхийг оролдож буй та нар Христээс таслагдаж, нигүүлслээс салж унажээ. 5 Учир нь бид Сүнсээр дамжуулан итгэлээр зөвт байдлын найдварыг тэсэж ядан хүлээж байна. 6 Хозлуулах эсвэл эс хозлуулахын аль нь ч Христ Есүс дотор чухал биш, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал.
7 Та нар сайн гүйж байсан. Тэгвэл хэн та нарыг үнэнд дуулгавартай байхад чинь саад болоо вэ? 8 Та нарыг дууддаг Түүнээс энэ үзэл бодол ирээгүй. 9 Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.* 10 Та нарыг өөрөөр бодохгүй гэдэгт Эзэн дотор би та нарт итгэж байна. Харин та нарыг үймүүлэгч хэн боловч шийтгэлээ хүртэх болно. 11 Гэвч ах дүү нар аа, хэрэв би хозлолыг тунхагласаар байвал юунд мөшгөгдөн хавчигдсаар байх билээ? Тэгвэл загалмайн бүдрүүлэх саад нь арилсан хэрэг. 12 Тиймээс хэрэв болдогсон бол та нарыг үймүүлэгчид өөрсдийгөө агтлаасай.
13 Үнэндээ ах дүү нар аа, та нар эрх чөлөө өөд дуудагдсан юм. Гэхдээ та нар эрх чөлөөгөө махбодын төлөөх таатай боломж болгож бүү ашигла. Харин бие биедээ хайраар үйлчил. 14 Учир нь хууль бүхэлдээ нэг үгэнд л багтдаг юм. Энэ нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэн нь мөн.* 15 Хэрэв та нар нэг нэгнээ зуудаг, цөлмөдөг бол та нар бие биеэ хөнөөх вий гэж болгоомжлогтун.
Махбодын үйлс
16 Харин би та нарт хэлье. Сүнсээр яв, тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэлдүүлэх гэхгүй. 17 Яагаад гэвэл махбод Сүнсний эсрэг хүсдэг, Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Хүссэн юмсыг чинь хийлгэхгүйн тулд махбод, Сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ.* 18 Хэрэв та нар Сүнсээр удирдуулдаг бол хуулийн дор эс байна. 19 Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхайрал, бузар тачаал, садарлал, 20 шүтээн шүтлэг, ид шид, дайсагнал, хэрүүл маргаан, хардалт, уур хилэн, хувиа хичээсэн зан, хагарал, тэрс үзэл,a 21 атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх зэрэг нь юм. Би урьд нь та нарт сануулж байсанчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгсэд Бурханы хаанчлалыг өвлөхгүй.
Сүнсний үр жимс
22 Харин Сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэмжит чанар, 23 дөлгөөн зан, өөрийгөө захирах зэрэг нь юм. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. 24 Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон. 25 Тиймээс хэрэв бид Сүнс дотор амьд байгаа бол мөн Сүнс дотор явцгаая. 26 Бид нэг нэгнээ өдөөн сөрөхгүй, өөр зуураа атаархан сайрхахгүй байцгаая.
- 5:9 1Ко 5:6
- 5:14 Лев 19:18
- 5:17 Ром 7:15–23
- a5:20 эсвэл талцах эсвэл салан тусгаарлах