Хууль эсвэл итгэл
3 1 Мунхаг галатчууд аа, хэн та нарыг ховсдов? Есүс Христ нийтийн өмнө загалмайд цовдлогдсон нь та нарын нүдний өмнө дүрслэгдсэн биш үү? 2 Та нар Сүнсийг хэрхэн хүлээн авсан юм бэ? Хуулийн үйлсээр үү, эсвэл сонссондоо итгэснээр үү? Зөвхөн үүнийг л би та нараас мэдэхийг хүсэж байна. 3 Та нар тийм мунхаг гэж үү? Сүнсээр эхэлж, одоо та нар махбодоор төгс болгогдож байна гэж үү? 4 Та нарын өчнөөн их юманд зовсон чинь дэмий байсан юм гэж үү? Үнэхээр дэмий байсан юм уу? 5 Та нарыг Сүнсээр хангаж, та нарын дунд гайхамшгийг үйлддэг Тэрээр үүнийг хуулийн үйлсээр үйлддэг үү, эсвэл сонссондоо итгэснээр чинь үйлддэг үү? 6 Яг үүнчлэн Абрахам “Бурханд итгэсэн бөгөөд үүгээр нь түүнийг зөвд тооцсон” юм.*
7 Тиймээс итгэлийн хүмүүс нь Абрахамын хөвгүүд юм гэдгийг мэдэж ав.* 8 Бурхан харийнхныг итгэлээр зөвтгөнө гэдгийг Бичвэр урьдаас мэдээд “Бүх үндэстэн чамаар ерөөгдөх болно” гэж Абрахамд сайнмэдээг урьдчилан тунхаглажээ.* 9 Тиймээс итгэлийнхэн нь итгэлийн хүн Абрахамын хамт ерөөгдсөн аж. 10 Хуулийн үйлсийг түшигчид бүгдээрээ хараал дор байдаг. Учир нь “Хуулийн номд бичигдсэн бүхнийг хэрэгжүүлдэггүй, дагадаггүй хүн бүр хараагдсан”* гэж бичигджээ. 11 Хэн ч Бурханы өмнө хуулиар зөвтгөгддөггүй гэдэг нь тодорхой. Учир нь “Зөвт хүн итгэлээр амьдарна”.* 12 Харин хууль нь итгэлээс гараагүй ч “Тэдгээрийг үйлдэгч нь тэдгээрээр амьдарна.”* 13 Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан” гэж бичигдсэн байдаг.* 14 Ингэснээр Христ Есүс дотор Абрахамын ерөөлийг харийнханд ирүүлэх юм. Ингэснээр бид амлагдсан Сүнсийг итгэлээр хүлээн авна.
Абрахамд өгсөн амлалт
15 Ах дүү нар аа, би хүний ёсоор ярьж байна. Хүний гэрээ байлаа ч гэсэн батлагдсан л бол хүчингүй болгох эсвэл нэмэх нэг ч хүн байхгүй. 16 Тийнхүү амлалтууд нь Абрахамд болон Үрд нь айлдагдсан юм. Тэр “үрст” гэж олны талаар хэлээгүй, харин ганцын тухай “Чиний үрд” гэж айлдсан. Тэр бол Христ мөн.* 17 Би үүнийг ярьж байна. “Бурханаар урьд нь батлагдсан гэрээг дөрвөн зуун гучин жилийн дараа ирсэн тэр хууль ч хөсөрдүүлээгүй. Түүнчлэн амлалтыг ч хүчингүй болгоогүй.”* 18 Тэгээд ч өв залгамжлал нь хуулиас ирдэг юм бол, амлалтаас ирдэггүй гэсэн үг болно. Харин Бурхан үүнийг Абрахамд амлалтаар соёрхсон аж.
Хуулийн зорилго
19 Тэгвэл юуны тулд хууль байгаа юм бэ? Энэ нь тэнгэрэлч нараар дамжин зуучийн гараар тогтоогдсон агаад амласан мөнөөх үрийг иртэл нүгэл хилэнцийн улмаас нэмэгджээ. 20 Зууч нь ганц талд байдаггүй, харин Бурхан бол ганц.
21 Ингэхлээр хууль [Бурханы] амлалтуудын эсрэг үү? Огт үгүй. Хэрэв амь өгөх чадал хуульд байсан бол зөвт байдал нь гарцаагүй хуулиас ирэх байсан. 22 Гэвч Бичвэр нь бүх юмыг нүглийн дор хорьсон тул амлалт нь Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд өгөгдөх юм.
23 Итгэл ирэхээс өмнө бид хуулийн дор хүлэгдэж байсан бөгөөд айсуй итгэл илчлэгдэх хүртэл хоригдож байсан билээ. 24 Тиймээс Христ ирж, биднийг итгэлээр зөвтгөх хүртэл, хууль нь бидний зааварлагч болж байв. 25 Харин эдүгээ итгэл ирсэн тул бид цаашид зааварчлагчийн дор байхаа больсон.
26 Тийнхүү та нар бүгдээрээ Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ. 27 Христ рүү баптисм хүртсэн та нар бүгдээрээ Христийг өмссөн юм. 28 Иудей ч, грек ч гэж байхгүй, боол ч, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч, эм ч гэж байхгүй. Та нар бүгд Христ Есүс дотор нэг болой. 29 Хэрэв та нар Христийнх л юм бол, та нар Абрахамын үр, амлалтын дагуух өв залгамжлагчид мөн.
- 3:6 Эх 15:6; Ром 4:3
- 3:7 Ром 4:16
- 3:8 Эх 12:3, 18:8
- 3:10 Дх 27:26
- 3:11 Хаб 2:4
- 3:12 Лев 18:5
- 3:13 Дх 21:23
- 3:16 Эх 12:7, 13:15, 17:8
- 3:17 Гэт 12:40