4 1 Тэгэхээр өв залгамжлагч нь хэдийгээр бүгдийн эзэн мөн боловч хүүхэд байхдаа зарцаас ялгагдах юмгүй байдгийг хэлье. 2 Тэрээр эцгийнхээ урьдчилан тогтоосон өдрийг хүртэл асрамжлагсад болоод итгэмжлэгдсэн хүмүүсийн дор байдаг. 3 Түүнчлэн бид ч мөн хүүхэд байхдаа хорвоогийн язгуур юмс гэгчийн боолчлолд байсан. 4 Харин цаг нь болоход эмэгтэй хүнээс хуулийн дор төрөх Хүүгээ Бурхан илгээжээ. 5 Энэ нь хуулийн дор байгсдыг золихын тулд бөгөөд ингэснээр бид үрчлэлийг хүлээн авах юм.* 6 Та нар хөвгүүд нь мөн учраас, “Ааба аа, Аав минь” гэж дууддаг Хүүгийнхээ Сүнсийг Бурхан бидний зүрхэнд илгээсэн байна. 7 Тиймээс чи цаашид зарц биш, харин хүү нь юм. Хэрэв хүү нь юм бол Бурханаар дамжин өв залгамжлагч нь ч бас мөн.
Паул галатчуудыг зэмлэв
8 Тэгвэл та нар урьд нь Бурханыг мэдэхгүй байхдаа мөн чанараараа бурхад биш юмсын боол байсан. 9 Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг таньсан байтал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй язгуур юмс руу дахин буцаж очихыг, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ? 10 Та нар өдөр, сар, улирал болоод жилүүдийг сахицгааж байна! 11 Тиймээс би та нарын төлөө дэмий хоосон зүтгэсэн байх вий гэж та нарын төлөө айлаа.
12 Ах дүү нар аа, би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж та нараас гуйя. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй. 13 Махбодынхоо мөхөс байдлын улмаас би та нарт анх сайнмэдээг тунхагласныг та нар мэднэ. 14 Махбод минь та нарт сорилт болсон ч та нар басамжилж жигшээгүй. Харин ч та нар намайг Бурханы тэнгэрэлч адил, Христ Есүс адил хүлээж авсан. 15 Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаа байна? Та нар болдог бол нүдээ ч ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчилье. 16 Тиймээс та нарт үнэнийг хэлснээрээ одоо би дайсан чинь болсон хэрэг үү? 17 Гэтэл тэр хүмүүс та нарын төлөө хичээнгүй байгаа нь сайн зорилготой биш ажээ. Тэд та нарыг зөвхөн өөрсдийнхөө төлөө хичээнгүй байлгахын тулд биднээс холдуулахыг хүсдэг аж. 18 Магтууштай үйлсийн дотор зөвхөн намайг хажууд чинь байхад ч бус, харин үргэлж хичээнгүйгээр байх нь сайн юм. 19 Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна. 20 Би яг одоо та нарын дэргэд байж, хоолойн өнгөө өөрчлөхийг хүснэ. Учир нь би та нарын тухайд эргэлзэв.
Хагар Сара нарыг харьцуулав
21 Хуулийн дор байхыг хүсэгч хүмүүс ээ, та нар надад хэлээч. Та нар хуулийг сонсохгүй байна гэж үү? 22 Абрахам хоёр хүүтэй байсан бөгөөд нэг нь шивэгчнээс, нэг нь эрх чөлөөт эмэгтэйгээс төрсөн гэж бичигдсэн байдаг.* 23 Шивэгчний хүү махбодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн. 24 Үүнийг үлгэрлэвэл, тэр хоёр эмэгтэй нь хоёр гэрээ юм. Нэг нь Синаи уулаас гаралтай. Тэр бол боолчлолд орох хүүхдүүдийг төрүүлэх Хагар байжээ. 25 Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд хүүхдүүдийнхээ хамт боолчлолд байгаа одоогийн Йерусалимтай дүйцнэ. 26 Харин дээр оршигч Йерусалим нь эрх чөлөөтэй. Тэр бол бидний эх юм. 27 Учир нь
“Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи баярлагтун.
Төрөх зовлонг туулаагүй чи
Бахдан дуулж, хашхир.
Учир нь ганц бие эмэгтэйн хүүхдүүд
Нөхөртэй нэгнийхээс илүү олон болно”
гэж бичигдсэн байдаг.* 28 Ах дүү нар аа, та нар Исаакийн адил амлалтын хүүхдүүд билээ. 29 Харин тэр үед махбодоор төрсөн нь Сүнсээр төрснийгөө хавчсанчлан эдүгээ мөн тэгж байна.* 30 Гэтэл Бичвэр юу гэж хэлдэг вэ? “Энэ зарц бүсгүйг хүүтэй нь зайлуул. Зарц бүсгүйн хүү эрх чөлөөт эмэгтэйн хүүтэй хамт өв залгамжлахгүй” гэдэг. 31 Тиймээс ах дүү нар аа, бид зарц бүсгүйнх биш, харин эрх чөлөөт эмэгтэйн хүүхдүүд юм.
- 4:5–7 Ром 8:15–17
- 4:22 Эх 16:15, 21:2
- 4:27 Иса 54:1
- 4:29–30 Эх 21:9–10