Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц
6 1 Ах дүү нар аа, хэрэв хэн нэг нь гэмд автсан бол сүнслэг та нар түүнийг дөлгөөн сэтгэлээр засагтун. Ингэхдээ өөрийгөө ч хянаж бай. Эс тэгвэл чи ч мөн уруу татагдах вий. 2 Нэг нэгнийхээ ачаанаас үүрэлц. Тийнхүү Христийн хуулийг биелүүл.a 3 Учир нь хэн нэг нь юу ч биш атлаа өөрийгөө чухал гэж боддог бол тэр хүн өөрийгөө мэхэлж байна. 4 Харин хүн бүр үйл хэргээ шалга. Тэгвэл уг хүн өөрийгөө бусадтай харьцуулалгүй, өөрийнхөөрөө сайрхах болно. 5 Учир нь хүн бүр ачаагаа үүрэх болно. 6 Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг. 7 Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Учир нь хүн юу тарьснаа л хурааж авдаг. 8 Махбоддоо таригч нь махбодоосоо ялзралыг хурааж авна. Сүнсэнд таригч нь Сүнснээс мөнх амийг хурааж авна. 9 Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. 10 Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, ялангуяа итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.
Сүүлчийн сэрэмжлүүлэг ба ерөөл
11 Би өөрийн гараар ямаршуу том үсгээр та нарт бичиж байгааг минь үз. 12 Махбодоор сайхан харагдахыг хүсдэг хүмүүс Христийн загалмайн улмаас хавчигдахгүйн тулд та нарыг хозлуул гэж албадаж байна. 13 Гэтэл хозлуулсан тэд өөрсдөө хуулийг үл сахидаг. Тэд махбодоор чинь сайрхахын тулд л та нарыг хозлуулаг гэж хүсэж байна. 14 Харин би бидний Эзэн Есүс Христийн загалмайнаас өөр юугаар ч үл сайрхана. Түүгээр ертөнц миний хувьд, би ертөнцийн хувьд цовдлогдсон юм. 15 Учир нь хозлуулах эс хозлуулахын аль нь юу ч биш, харин шинэ бүтээл нь л чухал. 16 Энэ зарчмаар явагч хүмүүс болон Бурханы Израил дээр амар тайван, өршөөл нь байх болтугай!
17 Үүнээс хойш хэн ч надад гай зовлон бүү авчраг. Учир нь би биедээ Есүсийн оромнуудтайb билээ.
18 Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христийн нигүүлсэл сүнстэй чинь хамт байх болтугай. Амен.
- a6:2 эсвэл: биелүүлнэ
- b6:17 эсвэл сорви тэмдэгтэй